АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 4-р сарын 1-нд Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “АНУ болон Израилийн Ираны эсрэг явуулж буй дайн ойрын 2-3 долоо хоногийн дотор дуусч магадгүй” гэж мэдэгдлээ. Түүний хэлснээр, Ираны удирдлагатай ямар нэгэн хэлэлцээр байгуулахгүй байсан ч довтолгоонууд зогсох аж.
Тэрбээр CNN-д өгсөн ярилцлагадаа “Тэдний дэглэм солигдсон. Энэ нь миний төлөвлөгөөнд байгаагүй. Миний гол зорилго бол тэднийг цөмийн зэвсэгтэй болохоос сэргийлэх байсан, энэ зорилгодоо бид хүрсэн. Бид ажлаа дуусгаж байна, магадгүй хоёр долоо хоног, эсвэл түүнээс бага зэрэг урт хугацаа шаардагдана. Бид тэдэнд байгаа бүхнийг устгахыг хүсэж байна” гэж дурджээ.
Трамп мөн “Хэрэв тохиролцоонд хүрвэл дайн бүр ч хурдан дуусч магадгүй. Ираны тал ийм хэлэлцээрийг маш их хүсэж байна. Үнэндээ хэлэлцээр байгуулагдах эсэх нь “үндсэндээ чухал биш” гэж онцолсон байна.
Ормузын хоолойн талаар
Трампын хэлснээр, Иран АНУ болон Израилийн довтолгооны дараа Ормузын хоолойг хаасан нь АНУ-д биш, харин бусад орнуудад асуудал үүсгэх аж. Тэр “Франц, эсвэл өөр улс нефть, хий авахыг хүсвэл Ормузын хоолойгоор өөрсдөө явж, асуудлаа өөрсдөө шийдэх хэрэгтэй. Тэнд болж байгаа зүйл бидэнд хамаагүй” гэж хэлжээ.
Мөн Ойрхи Дорнод дахь дайнаас үүдэн нефтийн үнэ 50 хувиар огцом өссөнийг “АНУ довтолгоогоо “тун удахгүй” зогсоох үед үнэ буурна гэж тайлбарласан байна.
АНУ ба Израилийн Ираны эсрэг дайн
АНУ болон Израиль хоёрдугаар сарын 28-наас эхлэн Иранд агаараас цохилт өгч буй бөгөөд үүний улмаас Ираны дээд удирдагч Али Хаменеи болон олон өндөр албан тушаалтан амь үрэгдсэн.
Иран хариу арга хэмжээ авч, Израиль болон Персийн булангийн орнууд руу пуужин, дроноор довтолж буй. Тэдний мэдэгдсэнээр, Арабын орнууд дахь АНУ-ын цэргийн баазууд гол бай болж байгаа аж.
Мөн Ираны довтолгоонд Персийн булангийн зарим орнуудад нефтийн агуулах, танкерууд өртсөн байна. Үүнээс гадна дайны эхлэлээс хойш Азербайжан болон Европын холбооны гишүүн Кипр улс ч мөн халдлагад өртжээ.
Эх сурвалж: DW










































































