Монголын улс төр өнөөдөр ил харагдах өрсөлдөөнөөс илүү далд тохиролцооны шатанд шилжсэн. Засгийн газрын бүтэц, сайд нарын нэрс олон нийтийн анхаарлыг татаж байгаа ч бодит эрх мэдлийн зангилаа нь УИХ-ын даргын суудал дээр төвлөрчээ. Ерөнхий сайд Ням-Осорын Учралын өмнө тулгарч буй хамгийн том сорилт нь танхимаа бүрдүүлэхээс илүү парламентын удирдлагыг зөв сонгох асуудал болоод байна.
Энэ удаагийн УИХ өмнөх парламентуудаас эрс ялгаатай. Монгол Ардын Нам дангаараа шийдвэр гаргах боломжгүй, дотооддоо ч нэгдмэл биш бүтэцтэй болсон. Нам доторх цөөнхийн нөлөө бодитой оршиж, дээр нь Ардчилсан Нам, ХҮН нам, Иргэний Зориг Ногоон Нам болон бусад эвслүүдийн оролцоо парламентын шийдвэр гаргалтыг зайлшгүй зөвшилцөлд тулгуурлах нөхцөлд хүргэж буй.
126 гишүүний дунд Ерөнхий сайдад шууд “захирагдах” буюу бодлогын хувьд жигд дэмжлэг үзүүлэх гишүүдийн тоо 40 орчимд хэлбэлзэж буй нь улс төрийн бодит зураг. Энэ нь олонхийн логикоор бус, тохиролцооны логикоор улс төр явагдах шинэ үе эхэлснийг илтгэнэ.
Спикер тэнцвэр баригч уу, эсвэл тоглоомын найруулагч уу? Ийм нөхцөлд УИХ-ын даргын үүрэг улам өргөжиж байна. Тэр хүн зөвхөн чуулган даргалах биш, харин нам доторх зөрчлийг намжаах, сөрөг хүчний эсэргүүцлийг зохицуулах, Засгийн газрын бодлогыг парламент дээр “амьдруулах” гэсэн гурван үүргийг зэрэг гүйцэтгэх шаардлагатай болжээ.
Тиймээс Ням-Осорын Учралд хоёр өөр сонголт тулгарч буй. Нэг нь, өөртэй нь бодлогын хувьд ойр, “дөрөө нийлсэн” зөөлөн спикер; нөгөө нь нам доторх фракцуудыг барьж чадах, илүү улс төрийн нөлөөтэй хатуу тоглогч.
Сонголтын хүрээ хумигдав
Эхэндээ Сандаг-Очирын Бямбацогт, Бямбасүрэнгийн Жавхлан, Жадамбын Энхбаяр, Сайнбуянгийн Амарсайхан гэсэн дөрвөн нэр яригдаж байсан ч улс төрийн бодит нөхцөл байдал нэрсийг шүүн, шүүн цөөлжээ.
Жадамбын Энхбаяр өөрөө спикер болох сонирхолгүйгээ илэрхийлсэн нь тоглолтын чиглэлийг өөрчилсөн. Бямбасүрэнгийн Жавхлан-гийн хувьд урт хугацаанд Сангийн яамыг удирдсан ч улс төрийн дэмжлэг сул байгаа нь анзаарагдана. Харин Сандаг-Очирын Бямбацогт туршлагатай ч нэгдүүлэгч лидер гэхээс илүү бие даасан тоглогчийн дүр төрхтэй хэвээр байна.
Ингэснээр бодит өрсөлдөөн Жадамбын Энхбаяр ба Сайнбуянгийн Амарсайхан гэсэн хоёр өөр хэв маягийн улс төрчийн хооронд төвлөрч байна.
Хоёр өөр философи
Жадамбын Энхбаяр бол институц, дэг жаяг, тогтвортой байдлыг илүүд үзэх “системийн” төлөөлөл. Түүний удирдлага дор парламент тайван, тогтвортой ажиллах магадлал өндөр ч Засгийн газрын бодлогыг идэвхтэй “түлхэх” тал дээр болгоомжтой хандах чадамжтай.
Харин Сайнбуянгийн Амарсайхан илүү улс төрийн нөлөө бүхий, хэлэлцээ, тохиролцооны чадвар сайтай. Тэр нам доторх цөөнхийг барьж, Засгийн газрыг хамгаалах тал дээр давуу ч сөрөг хүчний эсэргүүцлийг хурцатгах эрсдэлтэйг хэлэх хүн олон байна.
Спикер тодорвол Засгийн газар “амилна”
Сайд нарын нэрс хэдийнэ яригдаж эхэлсэн ч тэдгээр нь спикерийн сонголтоос шууд хамааралтай хэвээр байна. Учир нь, парламентын дарга тодорхой болмогц фракцуудын тохиролцоо цэгцэрнэ, сайд нарын квот тодорхой болно, Засгийн газрын бүтэц “сууж” эхэлнэ. Өөрөөр хэлбэл, спикерийн томилгоо бол Засгийн газрын бүхэл зураглалын эхлэл юм.
Эцсийн зангилаа
Өнөөдрийн улс төрд нэг тодорхой үнэн бий. Олонхгүй парламент дотор Ерөнхий сайд дангаараа засаглах боломжгүй. Түүнд заавал “хамт тоглогч” хэрэгтэй. Тэр нь сайд биш — спикер.
Хэрэв Ням-Осорын Учрал бодлогоо түргэн урагшлуулахыг зоривол Сайнбуянгийн Амарсайхан илүү бодит сонголт. Харин институцийн тогтвортой байдлыг урьтал болговол Жадамбын Энхбаяр илүү зохистой.
Гэвч аль ч хувилбарыг сонгосон нэг зүйл өөрчлөгдөхгүй: УИХ-ын дарга бол индэр дээр суудаг хүн биш — эрх мэдлийн урсгалыг чиглүүлдэг гол зангилаа юм.
Шинэ сайдуудын сураг
Засгийн газрын шинэ бүтцийн хүрээнд хэд хэдэн салбарт шинэ томилгоонууд яригдаж байгаа бөгөөд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Д.Үүрийнтуяа, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Д.Цогтбаатар, Зам, тээврийн сайдаар Ж.Ганбаатар эсвэл Б.Дэлгэрсайхан, Эрүүл мэндийн сайдаар С.Мөнхсайхан, Сангийн сайдаар Г.Тэмүүлэн, Боловсролын сайдаар Л.Энх-Амгалан нарыг томилох хувилбарууд яригдаж байна.
Үүний зэрэгцээ зарим салбарт одоогийн сайд нарыг үргэлжлүүлэн ажиллуулах боломжийн талаар ч ярьж буй бөгөөд Гадаад харилцааны сайдаар Б.Батцэцэг, эсвэл Ч.Ундрам, Шадар сайдаар Х.Ганхуяг, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар Э.Батшугар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар М.Бадамсүрэн, эсвэл Ц.Идэрбат нарыг улираан томилох мэдээлэл ч яригдаж байгаа аж.
Одоогийн зарим сайд нарын хувьд тухайлбал, Сангийн сайдаар ажиллаж буй Бямбасүрэнгийн Жавхлан, Батлан хамгаалахын сайд Л.Батлут, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, Эрүүл мэндийн сайд Б.Чинбүрэн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Боловсролын сайд П.Наранбаяр нар албан тушаалаа өгөхөөр болж буй мэдээлэл ч гарч байна.
Мөн сэлгэн томилгооны хүрээнд Жадамбын Энхбаярыг Батлан хамгаалахын сайдаар томилох хувилбар ч яригдаж байгаа нь Засгийн газрын бүтэц доторх тэнцвэрийг хадгална гэж үзэж байгаа аж.










































































