Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын Мөрдөн шалгах хэлтсээс эрчим хүчний салбарт холбогдох авлигын шинжтэй хэд хэдэн хэргийг мөрдөн шалгаж дуусган, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлжээ.
Тодруулбал, “Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн удирдах албан тушаалтан А, А, Э нарыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын 6-0.4 кВ-ын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах ажлын хүрээнд албан үүргээ урвуулан ашиглаж, бусдаас нийт 100 сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгасан байна.
Энэхүү төсөл нь Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Эрчим хүчний төсөл-2” хөтөлбөрийн хүрээнд явагдсан байна. Гүйцэтгэгч “РИ” компани ажлаа бүрэн гүйцэтгээгүй, чанарын шаардлага хангаагүй гэж дүгнэгдсэн хэдий ч холбогдох албан тушаалтнууд гүйцэтгэлийг баталгаажуулах дүгнэлт гаргуулж, улсын комиссын гишүүний хувиар ашиглалтад оруулах шийдвэрт санал өгсөн нь мөрдөн шалгалтаар тогтоогджээ.
Мөн тэд албан үүргээ хэрэгжүүлсний хариуд “РИ” компанийн захирлаас хахууль авсан нь нотлогдсон байна. Тодруулбал, хадам дүүгээрээ дамжуулан 50 сая төгрөг, танил дүүгийнхээ дансаар 45 сая төгрөг, жолоочийнхоо дансаар 5 сая төгрөгийг нийт дөрвөн удаагийн үйлдлээр хүлээн авсан болохыг тогтоосон байна.
Уг гурван эрүүгийн хэрэгт холбогдох 100 сая төгрөгийг Төрийн сан дахь АТГ-ын хохирлын дансанд бүрэн төлүүлсэн талаар АТГ-аас мэдээллээ.










































































