Арабын Нэгдсэн Эмират Улсын эрэг орчимд, Дубай хотоос ойролцоогоор 57 км зайд үл мэдэгдэх зэвсгийн сум танкерт туссаны улмаас гал гарсан тухай Их Британийн тэнгисийн худалдааны тээврийн зохицуулах төв мэдээлжээ. Энэ нь Кувейтийн “Al-Salmi” нэртэй нефть тээвэрлэгч танкер байсан гэж төрийн KUNA агентлаг мэдэгдсэн байна.
Мэдэгдэлд дурдсанаар, үл мэдэгдэх сум танкерын баруун талаас онож, усан онгоцонд гал гарчээ. Мөн “Багийн гишүүд аюулгүй, байгаль орчинд нөлөөлсөн зүйл илрээгүй” гэж мэдээлсэн байна. Дубайн эрх баригчид галыг унтраасан бөгөөд халдлагыг дроноор үйлдсэн гэж үзэж байна.
KUNA агентлагийн мэдээлснээр, халдлагын үед танкер бүрэн ачаатай, зангуугаа буулгасан байдалтай байсан аж. Уг хөлөг онгоц ойролцоогоор 320 мянган тонн нефть тээвэрлэх хүчин чадалтай юм байна. Агентлаг мөн “шууд бөгөөд санаатай” халдлагын улмаас хөлгийн их биед гэмтэл учирч, нефть асгарах эрсдэл үүсгэсэн гэж онцолжээ.
Дубайд пуужингийн хэлтэрхий унаж, дөрвөн хүн гэмтжээ
Гуравдугаар сарын 31-ний шөнө Дубайд өөр нэгэн гал түймэр гарсан нь сөнөсөн пуужингийн хэлтэрхий Аль-Бада дүүрэгт байрлах эзэнгүй байшин дээр унасантай холбоотой аж. Үүний улмаас тухайн барилгын ойролцоо байсан дөрвөн хүн хөнгөн гэмтэл авсан гэж хотын захиргаа мэдээлжээ.
Бүс нутагт өргөн хүрээний довтолгоонууд үргэлжилж байна
Тухайн шөнө бусад орнууд ч мөн халдлагын талаар мэдээлсэн байна. Кувейтийн Батлан хамгаалах яам “дайсагнасан болон дроны халдлагуудыг няцааж байна” гэж мэдэгдсэн бол Бахрейн улсын Дотоод хэргийн яам аюулын дохио дуугарсан талаар мэдээлжээ.
Саудын Араб улс найман баллистик пуужин устгаснаа мэдэгдсэн байна. Мөн Их Британийн төвийн мэдээлснээр, Саудын Арабын Рас-Таннура боомтын ойролцоо контейнер тээвэрлэгч хөлгийн ойролцоо хоёр сум унажээ.
АНУ, Израиль – Ираны зөрчил
АНУ болон Израиль улс хоёрдугаар сарын 28-наас эхлэн Иранд агаараас цохилт өгч байгаа бөгөөд үүний улмаас Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи болон олон өндөр албан тушаалтан амь үрэгдсэн. Хариуд нь Иран Израиль болон Персийн булангийн орнууд руу пуужин, дроноор довтолж байна. Тэдний мэдэгдэж буйгаар, арабын орнуудад хийж буй довтолгооны зорилго нь бүс нутаг дахь Америкийн цэргийн баазууд юм.
Мөн Ираны довтолгоонд Персийн булангийн зарим орнуудын нефтийн агуулахууд, нефть тээвэрлэгч танкерууд өртсөн байна. Түүнчлэн дайн эхэлснээс хойш Азербайжан болон Европын Холбооны гишүүн Кипр улс ч хохирол амсжээ.
Эх сурвалж: DW










































































