Ираны баруун хэсгийн Хондаб хот дахь хүнд усны үйлдвэр гуравдугаар сарын 27-нд өгсөн цохилтын улмаас ихээхэн гэмтэж, одоогоор ажиллагаагүй болоод байгаа аж. Энэ талаар гуравдугаар сарын 29-ний ням гарагт Олон улсын атомын энергийн агентлаг (МАГАТЭ) хиймэл дагуулын зураг болон үйлдвэрийн талаарх мэдээлэлд үндэслэн X нийгмийн сүлжээгээрээ дамжуулан мэдэгджээ.
Тус агентлагийн мэдээлснээр, уг үйлдвэрт албан ёсоор бүртгэгдсэн цөмийн материал байгаагүй аж.
Ираны төрийн Fars агентлагийн мэдээлснээр, Хондаб дахь үйлдвэр бөмбөгдөлтөд өртсөн байна. Ираны эрх баригчид хүний амь нас хохироогүй, мөн цацраг идэвхт бодис алдагдаагүй гэж мэдэгджээ.
Харин Израилийн зэвсэгт хүчин уг цохилтыг өөрсдөө өгсөнөө хожим нь баталж, Иран өмнөх жилийн халдлагын дараа уг байгууламжийг сэргээхийг оролдож байсан гэж тайлбарласан байна.
Хондаб дахь үйлдвэрийн нэг хэсэг болох хүнд усны реактор 2025 оны 6-р сард АНУ болон Израилийн Ираны цөмийн хөтөлбөрийн эсрэг явуулсан өмнөх ажиллагааны үеэр мөн цохилтод өртөж байжээ. Тэр үед МАГАТЭ “Уг байгууламж бүрэн баригдаагүй байсан тул цөмийн материал байгаагүй” гэж мэдэгдсэн аж.
Хүнд ус нь энгийн уснаас ойролцоогоор 10%-иар илүү нягт бөгөөд устөрөгчийн илүү хүнд изотоп агуулдгаараа онцлогтой. Үүнийг цөмийн реакторт нейтроныг удаашруулахад ашиглахаас гадна трити хэмээх цацраг идэвхт устөрөгчийн изотоп гарган авахад хэрэглэж болдог байна.
Натанз дахь цөмийн байгууламжид өгсөн цохилт
Гуравдугаар сарын 21-нд АНУ болон Израиль Ираны илүү танигдсан цөмийн байгууламж болох Натанз дахь уран баяжуулах цогцолборт цохилт өгсөн. МАГАТЭ тухайн үед орчны цацрагийн түвшин нэмэгдээгүй талаар мэдээлжээ. Мөн Ираны атомын энергийн байгууллага (ОАЭИ) цацраг алдагдаагүй, ойролцоох оршин суугчдад аюулгүй гэж мэдэгдсэн байна.
Натанзын цогцолбор нь газрын дээрх болон доорх уран баяжуулах байгууламжуудаас бүрдэх бөгөөд нийт 10,000 гаруй центрифугтэй. МАГАТЭ-ийн үнэлгээгээр энд ураныг 60% хүртэл баяжуулж байсан. Харин атомын цахилгаан станц ажиллуулахад 3–5% баяжуулалт хангалттай байдаг бол цөмийн зэвсэг хийхэд 90% хүртэл баяжуулах шаардлагатай.
Энэхүү байгууламж 2025 оны зуны америк-израилийн ажиллагааны үеэр мөн цохилтод өртсөн. Тэр үед газрын дээрх центрифугүүд устгагдсан ч газрын доорх байгууламжуудын хувь заяа тодорхойгүй хэвээр үлдсэн. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тухайн үед Ираны гол цөмийн байгууламжууд “бүрэн устгагдсан” бөгөөд сэргээн босгоход олон жил шаардагдана гэж мэдэгдэж байв.
АНУ, Израиль ба Ираны хоорондох дайн
Хоёрдугаар сарын 28-наас эхлэн АНУ болон Израиль Ираны эсрэг агаарын цохилтууд хийж буйн улмаас Ираны дээд удирдагч Али Хаменеи болон олон өндөр албан тушаалтан, аюулгүй байдлын хүчний төлөөлөгчид амиа алдсан.
Хариуд нь Иран Израиль болон Персийн булангийн орнууд руу пуужин, дроноор довтолж байгаа. Ираны мэдэгдсэнээр арабын орнууд дахь АНУ-ын цэргийн баазууд гол бай болж буй. Мөн Персийн булангийн бүсийн зарим оронд нефтийн агуулах, нефть тээвэрлэгч танкерууд өртсөн байна. Үүнээс гадна дайны эхлэлээс хойш Ираны довтолгоонд Азербайжан болон Европын холбооны гишүүн Кипр улс мөн өртөөд байна.
Эх сурвалж: DW










































































