Эрх баригч хүчин Ардчилсан Намд Засгийн газарт хамтрах санал тавьж, улмаар УИХ-ын даргын суудлыг санал болгох хэмжээнд яриа хэлэлцээ эхэлсэн нь улс төрийн шинэ тохироо бүрэлдэх дохио болж байна. Урьдчилсан байдлаар, АН-д найман суудал амалсан гэх мэдээлэл ч улс төрийн хүрээнд тархаад буй юм.
Гэвч энэ нь зүгээр нэг хамтарсан засгийн тухай асуудал биш. Харин эрх мэдлийн дотоод хуваарилалт, ирэх сонгуулийн өмнөх стратеги, МАН доторх фракцуудын тэмцлийн илэрхийлэл гэж ажиглагчид үзэж байна.
Г.Занданшатар Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлт гаргахын өмнөх орой Д.Амарбаясгалан, Я.Содбаатар нартай уулзжээ. Тэрхүү уулзалтын үеэр дараагийн Засгийн газрыг Д.Амарбаясгалан болон Н.Номтойбаяр нарыг төлөөлсөн талуудын оролцоог тэнцвэржүүлсэн, 50:50 харьцаатай бүрэлдэхүүнтэй байгуулах хувилбар яригдсан гэх мэдээлэл бий.
АН албан ёсоор “хамтрахгүй” гэсэн байр суурь илэрхийлэв. Намын дарга О.Цогтгэрэл энэ байр сууриа олон нийтийн өмнө давтан мэдэгдсэн нь тус нам дотооддоо эв нэгдэл, зарчим баримталж буйг харуулах гэсэн оролдлого гэж дүгнэх нэгэн ч бий. Гэвч улс төр зарчим, ашиг сонирхлын огтлолцол дээр оршдог учир хаалттай хаалганы цаадах яриа өөр өнгө аястай өрнөхийг үгүйсгэх аргагүй.
Нөгөө талд МАН шийдвэрлэх мөчид ирээд байна. Намын Бага хурал зарлагдаж, намын дарга Засгийн газраа өөрөө тэргүүлэх эсэх, эсвэл бусад намтай эвсэхгүйгээр дангаар танхимаа бүрдүүлэх эсэх тухай улс төрийн томоохон шийдвэрүүд шийдлээ хүлээж буй. Энэ нь зөвхөн засаглалын бүтэц бус, намын дотоод эрх мэдлийн зураглалыг тодорхойлох алхам юм.
Сүүлийн үеийн үйл явдлуудаас харахад, Засгийн газрын тогтворгүй байдал нь хувь хүний асуудлаас илүүтэй бүтцийн асуудал болж хувирсан. Г.Занданшатарын тэргүүлсэн танхим ердөө есөн сарын настай байсан нь МАН доторх хүчний тэнцвэр алдагдсантай шууд холбоотой гэх. Түүний Засгийн газар нэг талын дэмжлэг дээр тогтсон нь эцэстээ сул дорой байдал руу түлхэж, улмаар огцрох нөхцөлийг бүрдүүлсэн аж.
Ийм нөхцөлд дараагийн Ерөнхий сайдын өмнө хоёрхон зам бий гэнэ. Үүнд, нэгдүгээрт, МАН доторх нөлөө бүхий бүлгүүдтэй эвсэж, дотоод тогтвортой байдлыг хангах. Хоёрдугаарт, сөрөг хүчинтэй гар барьж, илүү өргөн хүрээний улс төрийн дэмжлэг бий болгох. Аль аль нь эрсдэлтэй ч аль нэгийг нь сонгохоос өөр гарц үгүй гэж зарим улс төр судлаачид бичиж байна.
Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ өсөж, геополитикийн нөхцөл байдал хурцдаж буй энэ үед Монголын эдийн засаг эмзэг байдалд орж болзошгүй. Ийм үед Засгийн газрын тогтвортой байдал стратегийн ач холбогдолтой. Хэрэв шинэ танхим богино настай байвал зөвхөн улс төр төдийгүй эдийн засагт ч сөрөг нөлөө үзүүлэх нь гарцаагүй.
Тиймээс эрх баригч намын хувьд Засгийн газрын наслалтыг уртасгах нь нэн тэргүүний зорилт болж байна. Энэ нь цаашлаад 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэлтэй шууд холбоотой. Намын даргын хувьд улс төрийн байр сууриа хадгалж, сонгуульд намaa удирдан орох зорилго нь одоогийн бүх шийдвэрийн суурь болох билээ.
Сөрөг хүчний сүүлийн үеийн идэвхжил ч санамсаргүй зүйл биш. Түүний цаана эрх баригч нам доторх тодорхой бүлгүүдийн сонирхол, нөлөө оршиж байж болох тухай хардлага улс төрийн хүрээнд бий. Хэрэв энэ үнэн бол шинэ Ерөнхий сайд зөвхөн сөрөг хүчинтэй бус, өөрийн нам доторх өрсөлдөгчидтэй ч тохироо хийх шаардлагатай болох биз.
Өнөөдөр Монголын улс төр хоёр замын уулзварт иржээ. Нэг талд нь дотоод эв нэгдэл, нөгөө талд нь өргөн эвсэл. Аль замыг сонгох нь зөвхөн нэг Засгийн газрын хувь заяа бус, ирэх жилүүдийн улс төр, эдийн засгийн чиг хандлагыг тодорхойлох юм. Иймээс ойрын өдрүүдэд болох уулзалтууд, шийдвэрүүд жирийн нэг улс төрийн үйл явдал биш, харин эрх мэдлийн шинэ тэнцвэр тогтох эхлэл байх магадлалтай.










































































