Bloomberg агентлаг 2026 оны гуравдугаар сарын 27-ны баасан гарагт “Украин улсын хувьд Оросын цэргийн түрэмгийллээс хамгаалах санхүүжилт тун удахгүй дуусах эрсдэлтэй байна” гэж мэдээлжээ. Нэрээ нууцалсан украин болон гадаадын албан тушаалтнуудын хэлснээр Киевт байлдааны ажиллагааг үргэлжлүүлэх хөрөнгө зөвхөн зургадугаар сар хүртэл л хүрэлцэх аж.
Ийм нөхцөлд холбоотнуудын тусламж нэн чухал болж байгаа ч хэдэн арван тэрбум еврогийн санхүүжилт олгох асуудал янз бүрийн шалтгааны улмаас саатах эрсдэлтэй тулжээ. Тухайлбал, Унгар улс Европын Холбооноос Украинд олгох 90 тэрбум еврогийн зээлийг хааж, эхлээд ОХУ-аас Унгар руу нефть нийлүүлдэг “Дружба” хоолойг засварлахыг шаардаж буй юм.
Мөн Олон улсын валютын сангийн тусламж саатжээ. Учир нь, Украин улсын парламент (Дээд рада) шаардлагатай хууль эрх зүйн өөрчлөлтүүдийг одоогоор батлаагүй байгаа аж. Түүнчлэн НАТО-гийн зарим холбоотнууд АНУ-ын зэвсэг худалдан авах PURL хөтөлбөрийн хүрээнд шинэ санхүүжилт гаргах хүсэлгүй байгаа талаар Украин улсын тус эвсэл дэх байнгын төлөөлөгч Алена Гетьманчук мэдэгджээ.
Киевийн тооцооллоор, энэ онд АНУ-аас зэвсэг худалдан авахад 15 тэрбум ам.доллар шаардлагатай бөгөөд 2026 онд нийтдээ 52 тэрбум ам.долларын гадаад тусламж хэрэгтэй гэж үзэж буй юм байна.
Оросын орлого нэмэгдэж байна
Үүний зэрэгцээ Орос улсын төсвийн орлого нэмэгдэж буй нь АНУ болон Израиль улс Ираны эсрэг бараг нэг сар үргэлжилж буй цэргийн ажиллагаа болон үүнээс үүдсэн дэлхийн эрчим хүчний үнийн өсөлттэй холбоотой гэж үзэж байна.
АНУ гуравдугаар сарын 12-нд Оросын нефтьтэй холбоотой хоригийг түр хугацаанд сулруулсан нь шүүмжлэл дагуулжээ. Тухайлбал, Фридрих Мерц уг шийдвэрийг шүүмжилсэн байна.
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент гуравдугаар сарын 22-нд “Москва Ираны нөхцөл байдлаас болж 2 тэрбум ам.доллар хүртэл ашиг олох боломжтой” гэж мэдэгджээ. Тэрбээр мөн “Хоригийг сулруулсан нь нефтийн үнийг нэг баррель нь 150 ам.долларт хүрэхээс сэргийлэх зорилготой байсан, эс тэгвээс Орос болон Иран илүү их ашиг олох байсан” гэж тайлбарласан байна.
ОХУ-ын дэд ерөнхий сайд Александр Новак гуравдугаар сарын 26-нд мэдэгдэхдээ, эрэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор Орос улс нефть болон нефтийн бүтээгдэхүүнээ хөнгөлөлтгүй, зарим тохиолдолд бүр өндөр үнээр зарж эхэлсэн гэжээ. Гэвч тэр “Үүний зэрэгцээ Иран улс Ормузын хоолойг хаасны улмаас олон нефть тээвэрлэгч танкер гацаж, тээврийн зардал нэмэгдсэн” гэж онцолсон байна.
Эх сурвалж: DW










































































