УИХ дахь Ардчилсан намын бүлэг 2026 оны гуравдугаар сарын 27-ны өдөр ээлжит бусаар хуралдаж, газрын тосны салбарын гадаад болон дотоод зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонслоо.
Хуралдаанд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, мөн тус яамны Газрын тосны бодлогын газрын дарга Ч.Хишигдалай нар оролцож, салбарын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар танилцуулж, гишүүдийн асуултад хариулжээ.
Бүлгийн гишүүд дотоодын шатахууны зах зээл дэх олдоц, хүрэлцээ, нөөц, цаашдын бодлогын чиглэл зэрэг асуудлаар тодруулга авч, Засгийн газрын байр суурийг сонссон байна.
Түүнчлэн дэлхийн зах зээлд шатахууны үнэ огцом өсөж буй энэ үед Засгийн газар оновчтой, хариуцлагатай бодлого баримтлах шаардлагатайг онцлон тэмдэглэжээ. Ялангуяа татварын бодлогоор дамжуулан үнийн өсөлтийг хэт хөөрөгдөхгүй байх тал дээр анхаарч ажиллахыг сануулсан байна.
Мөн шатахууны үнийн өсөлт нь өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг даган нэмэгдүүлдэг, харин буурахдаа эргэн тогтворжих нь удааширдаг зүй тогтол байсаар ирснийг онцолж, энэ асуудалд онцгой анхаарал хандуулах шаардлагатайг дурджээ.
Үүнээс гадна аливаа мэдээллийг улс төржүүлэхгүй байх, иргэд олон нийтэд бодит, үнэн зөв мэдээллийг шуурхай хүргэж ажиллах нь чухал болохыг тус бүлгийн зүгээс анхааруулсан байна.










































































