Хар тэнгист Оросын нефть ачсан Туркийн усан тээврийн компанийн танкер халдлагад өртсөн байна. Туркийн Тээврийн сайд Абдюлькадир Уралоглу гуравдугаар сарын 26-ны пүрэв гарагт 24 TV сувгаар мэдээлэхдээ “Бидний таамгаар халдлагыг дрон биш, харин жолоодлогогүй усан гадаргын төхөөрөмжөөр үйлдсэн” гэж мэдэгджээ.
Халдлагын зорилго нь хөлгийг ажиллагаагүй болгох байв
Тэрбээр уг хөлөг Оросоос түүхий нефть тээвэрлэж явсныг онцолсон байна. Мөн хөлөг гадаад улсын далбаатай байсан ч Туркийн компанийн ашиглалтад байдаг аж.
Шөнө дунд өнгөрсний дараахан танкерын хөдөлгүүрийн хэсэгт дэлбэрэлт болсон тухай яаралтай дуудлага Туркийн аврагчдад иржээ. Энэ хэсэг нь халдлагын бай болсон бөгөөд нөхцөл байдлаас үзэхэд халдагчид хөлгийг “бүрэн ажиллагаагүй болгох” зорилготой байсан гэж сайд мэдэгдсэн байна.
Ослын газар руу шуурхай албад илгээсэн бөгөөд нөхцөл байдлыг хяналтдаа авсан гэж мэдээлжээ. Гэвч тэрбээр уг танкер өмнө нь хэвлэлүүдэд дурдагдсан Сьерра-Леоне улсын далбаатай хөлөг мөн эсэхийг тодорхой хэлээгүй байна.
Хэвлэлүүдийн мэдээлснээр, халдлагын үед уг хөлөг Туркийн нутаг дэвсгэрийн усанд, Босфорын хоолойгоос 30 км хүрэхгүй зайд явж байжээ.
Хар тэнгист гарсан бусад халдлагууд
Өнгөрсөн оны 12 сар болон энэ оны 1 сард Хар тэнгист ижил төстэй хэд хэдэн халдлага гарсан байна. Үүний дараа Туркийн Гадаад хэргийн яам Орос болон Украины Элчин сайд нарыг дуудаж уулзсан бол Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Хар тэнгисийг “мөргөлдөөний бүс болгохгүй байх”-ыг уриалжээ.
Мөн Казахстан улс Европ болон АНУ-д хандан нефть тээврийн аюулгүй байдлыг хангахыг уриалсан бол Грекийн эрх баригчид өөрийн усан онгоцны флотод Хар тэнгист аюулгүй байдлын арга хэмжээг чангатгахыг анхааруулсан байна. Халдлагуудын дараа Хар тэнгисээр тээвэр хийх даатгалын үнэ огцом өсжээ.
Эх сурвалж: DW










































































