ОХУ-ын Челябинск хотын Төв дүүргийн шүүхийн шүүгч Ксения Бухаринова гуравдугаар сарын 26-ны пүрэв гарагт “Ноён Хэн ч биш Путинтэй тэмцсэн нь” нэртэй баримтат киног ОХУ-ын бүх нутаг дэвсгэрт гаргахыг хориглох шийдвэр гаргажээ.
Тус киног Челябинскийн Карабаш хотын дунд сургуульд зохион байгуулагч багшаар ажиллаж байсан Павел Таланкин бүтээжээ. Шүүх хуралд зөвхөн прокурорын ахлах орлогч Евгений Тумшин оролцсон байна.
Прокурорын шаардлагын дагуу уг киног VK-видео, Yandex.kz болон “Моушн видео” зэрэг гурван платформоос хасаж, хандалтыг бүрэн хаахаар болжээ. Прокурор “Уг бүтээл нь ОХУ-ын Украинд явуулж буй “тусгай цэргийн ажиллагаа” (Оросын эрх баригчид дайныг албан ёсоор ингэж нэрлэдэг)-ны талаар болон төрийн эрх баригчдын талаар сөрөг мэдээлэл түгээж байна” гэж үзсэн байна.
Мөн киноны нэг хэсэгт цагаан-хөх-цагаан туг харагддаг нь асуудал дагуулжээ. Энэ нь Оросын армийн эсрэг Украинд тулалдаж буй, ОХУ-д террорист байгууллагаар бүртгэгдсэн “Оросын эрх чөлөө” легионы бэлгэдэл аж. Прокурор үүнийг экстремизм, терроризмыг сурталчилсан гэж үзсэн байна. Түүнчлэн кинонд насанд хүрээгүй хүүхдүүдийг эцэг, эхийн зөвшөөрөлгүйгээр дүрсжүүлсэн гэх үндэслэлийг мөн дурджээ.
“Оскар”-ын шагнал хүртсэн бүтээл
Энэхүү баримтат кино нь Дани-Чехийн буюу Данийн найруулагч Дэвид Боренштейнтэй хамтран бүтээсэн уран бүтээл аж. Кинонд ОХУ Украинд дайн эхлүүлснээс хойш Оросын сургуулийн орчин хэрхэн өөрчлөгдөж буйг харуулдаг.
Павел Таланкин дотоодоос нь зураг авалт хийж, тэр дундаа хотын боловсролын байгууллагад тайлагнах зорилгоор авдаг байсан албан ёсны сургуулийн арга хэмжээнүүдийг ч баримтжуулжээ.
2026 оны 3 дугаар сард уг кино Америкийн Кино Академийн “Оскар” шагналын “Шилдэг баримтат кино” төрөлд шалгарсан байна.
Үүний дараа ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хүний эрхийн зөвлөл тус кинонд хүүхдүүдийг эцэг, эхийн зөвшөөрөлгүйгээр оролцуулсан эсэхийг шалгуулахаар “Оскар”-ын зохион байгуулагчид болон ЮНЕСКО-д хүсэлт хүргүүлжээ.
Эх сурвалж: DW










































































