Ойрхи Дорнодод үүсээд буй геополитикийн хурцадмал нөхцөл байдал дэлхийн газрын тосны зах зээлд нөлөөлж, улмаар Монгол Улсад шатахууны үнийн дарамт үүсэх нөхцөл бий болгож байна. Сүүлийн өдрүүдэд АИ-92 бензинээс бусад төрлийн нефтийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж болзошгүй гэх мэдээлэл гарч, Засгийн газар энэ асуудлыг анхааралдаа авчээ.
Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг байгуулж, Тэргүүн шадар сайд Ж.Энхбаяр ахлан ажиллаж байна. Гол зорилго нь, олон улсын зах зээлийн савлагаанаас үүдэх эрсдэлийг бууруулж, эдийн засаг болон иргэдэд учрах дарамтыг аль болох багасгах аж.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвийн мэдээлснээр, одоогийн байдлаар Монгол Улсын шатахууны нөөц хангалттай түвшинд буй юм байна. Тухайлбал, АИ-92 автобензиний нөөц 42 хоног, дизель түлшний нөөц 28 хоногт хүрчээ. Гэвч хадгалах савны багтаамж хүрэлцэхгүйгээс шалтгаалан зарим шатахуун “Улаанбаатар төмөр зам”-д саатсан хэвээр байгаа аж.
Иймд шатахууны нөөцийн савны асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2026 оны улсын төсөвт 20 тэрбум төгрөг тусгаж, аж ахуйн нэгжүүдэд хүүгийн татаас олгон, 200 мянган метр куб багтаамж бүхий агуулах шинээр нэмэгдүүлэхээр ажиллаж буй юм байна. Энэ нь цаашид шатахууныг илүү их хэмжээгээр нөөцлөх боломж бүрдүүлнэ гэж тооцжээ.
Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ богино хугацаанд 70 ам.доллароос 110 ам.доллар хүртэл өссөн нь үнийн дарамтыг улам нэмэгдүүлж байна. Мөн ОХУ-д тавигдсан зарим эдийн засгийн хориг цуцлагдсанаар нефтийн бүтээгдэхүүний олон улсын эрэлт нэмэгдэж, үнэ өсөхөд нөлөөлжээ.
Ийм нөхцөлд Засгийн газар АИ-92 бензиний үнийг тогтвортой барих бодлого баримталж буй бөгөөд одоогийн байдлаар үнэ нэмэгдэхгүй гэж мэдэгдэв. Харин дизель түлшний хувьд үнийн өсөлтөөс зайлсхийх боломжгүй нөхцөл үүссэн тул эхний ээлжинд 300 төгрөгөөр нэмэх шийдвэр гаргажээ.
Шатахуун импортлогчид дизель түлшний үнийг 1200-1500 төгрөгөөр нэмэх санал гаргасан ч Засгийн газар үнийн огцом өсөлтөөс зайлсхийж, үе шаттай нэмэх бодлого баримталж байгаа аж. Учир нь, нэг дор огцом өсгөх нь зах зээлд хомсдол үүсгэх, инфляцад хүчтэй нөлөөлөх эрсдэлтэй юм.
Цаашид олон улсын зах зээлийн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхөөс хамааран шатахууны үнийн асуудлыг тухай бүрд нь шийдвэрлэхээр төлөвлөжээ.
Мөн хаврын тариалалтын үеэр үнийн дарамтыг бууруулах зорилгоор шатахуун импортлогчид эхний ээлжинд 10 мянган тонн дизель түлшийг нэмэгдээгүй үнээр нийлүүлэхээр тохиролцсон нь хүнсний үнийн өсөлтийг тогтоон барихад тодорхой дэмжлэг үзүүлэх хүлээлттэй байна.










































































