АНУ Украинд энхийн хэлэлцээрийн хүрээнд амалсан аюулгүй байдлын баталгаа олгохыг Орос улсад өргөн уудам газар нутгийг буулт хийхтэй холбон тавьж байна. Тодруулбал, Вашингтон Донбассыг бүхэлд нь ОХУ-д шилжүүлэхийг шаардаж байгаа аж. Энэ талаар Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский гуравдугаар сарын 25-ны лхагва гарагт Reuters агентлагт өгсөн ярилцлагадаа дурдсан байна.
Тэрбээр “Америкчууд Украин Донбассаас цэргээ гаргахад бэлэн болмогц өндөр түвшний аюулгүй байдлын баталгаа олгоход бэлэн байна” гэж онцолжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дайныг аль болох хурдан дуусгахыг шаардаж байгаа нь Ираны эргэн тойрон дахь нөхцөл байдалтай холбоотой гэж Зеленский тэмдэглэсэн байна.
Тэр Ойрхи Дорнод Трампын шийдвэрт тодорхой нөлөөлж байна. Цаашдын алхмуудад нь ч нөлөөлнө гэж бодож байна” хэмээн хэлжээ. Мөн Трамп Киевт үзүүлэх дарамтыг нэмэгдүүлэх стратегиа үргэлжлүүлж буйг онцолсон байна.
Зеленский: Донбассаас бүрмөсөн гарвал Европын аюулгүй байдалд заналхийлнэ
Зеленский “Украины Зэвсэгт хүчин Донбассаас бүрэн гарвал Киевийн аюулгүй байдал, улмаар Европын аюулгүй байдалд ноцтой эрсдэл үүснэ” гэж анхааруулжээ. Учир нь, тус бүс нутагт хүчтэй хамгаалалтын байрлалууд байдаг бөгөөд ийм тохиолдолд тэдгээр нь Москвагийн хяналтад шилжинэ гэж тайлбарласан байна.
Зеленский нэгдүгээр сард Украин, АНУ-ын хооронд байгуулах аюулгүй байдлын баталгааны баримт бичиг 100 хувь бэлэн болсон, зөвхөн гарын үсэг зурахыг хүлээж байна гэж мэдэгдэж байв.
Гэвч гуравдугаар сарын 24-нд Майамид болсон АНУ, Украины төлөөлөгчдийн хэлэлцээний дараа тэрбээр уг хэлэлцээрийг цаашид сайжруулах шаардлагатай гэж хэлснийг Reuters онцолжээ.
Зеленский: АНУ дайныг зун гэхэд дуусгахыг шаардсан
Зеленский үүнээс өмнө буюу хоёрдугаар сарын 7-нд Вашингтон Украин дахь дайныг зургадугаар сар гэхэд дуусгахыг шаардсан талаар мэдэгдсэн.
Зеленский “Америкчууд дайныг энэ зуны эхэн гэхэд дуусгах санал тавьж буй. Магадгүй энэ хугацаанд багтаан талуудад дарамт үзүүлэх байх. Яагаад яг энэ зун гэж? Тэдний дотоод улс төрийн асуудлууд нөлөөлж байгаа, цаашид ч улам чухал болно гэдгийг бид ойлгож байна. Тэдний анхаарал Конгресс руу шилжинэ” гэж хэлснийг Украинформ агентлаг иш татан мэдээлжээ.
АНУ-д сонгуулийн кампанит ажил зуны эхээр эхлэх төлөвтэй байгаа аж. Гэсэн хэдий ч Зеленский хэлэлцээ амжилтгүй болсон тохиолдолд Вашингтон яриа хэлэлцээнээс бүрмөсөн гарна гэж үзэхгүй байгаагаа илэрхийлжээ.
Эх сурвалж: DW











































































