Орос болон Украин улсууд бие биенийхээ эрчим хүчний байгууламжуудыг “харилцан хариу довтолгоо” (tit-for-tat) хэлбэрээр онилж, хэдэн зуун мянган хүнийг цахилгаангүй болгосон талаар хоёр улсын албаныхан мэдэгджээ. Энэ үед дэлхийн анхаарал АНУ-Израилийн Ирантай хийж буй дайнд төвлөрөөд буй.
Оросын Белгород мужид бараг 500 мянган хүн, харин Украинд Чернигов хот болон ойролцоох бүсэд 150 мянган хэрэглэгч лхагва гарагт цахилгаангүй болсон байна.
Украины хойд Чернигов бүсийн цахилгаан түгээх компани мэдэгдэхдээ эрчим хүчний байгууламж эвдэрсэн бөгөөд аюулгүй байдлын нөхцөл бүрдвэл засварын ажил нэн даруй эхэлнэ гэжээ.
Оросын Белгород мужийн захирагч Вячеслав Гладковын хэлснээр, ойролцоогоор 450 мянган хүн цахилгаан тасалдалд өртөж, зарим аймаг, хотуудад халаалт, усны хангамж мөн доголдсон байна. Өдгөө тухайн бүсийн температур ойролцоогоор 0°C байгаа аж. Тэр “Засвар эхэлсэн ч бүрэн сэргээхэд хэд хоног шаардлагатай” гэж хэлжээ.
Белгород Украины хилээс ойролцоогоор 40 км зайд оршдог, Орос Украинд халдсанаас хойш сүүлийн дөрвөн жилд Украины дрон, пуужингийн довтолгооны бай болсон байна.
Украины өмнөд Одесса бүсэд Оросын довтолгооны улмаас мягмар гаргийн орой нэг хүн нас барж, нэг хүн шархаджээ. Довтолгооны улмаас нэг хувийн байшин сүйдэж, гал гарч, ойролцоох 6 барилга гэмтсэн байна. Онцгой байдлын албаны нийтэлсэн зургуудаас гал сөнөөгчид шатаж байгаа барилгыг унтрааж буй нь харагджээ.
Украины дрон Балтын тэнгисийн эрэг дээрх томоохон нефтийн экспортын боомт болох Усть-Лугаг онилж, гал гаргасан байна. Ленинград мужийн захирагч Александр Дрозденко “Галыг хяналтдаа авсан, хүний амь нас эрсдээгүй” гэж мэдэгджээ.
Сүүлийн үед Украин Оросын нефтийн боловсруулах үйлдвэрүүд болон экспортын замууд руу дроны довтолгоогоо нэмэгдүүлж, Оросын дайны эдийн засгийг сулруулахыг зорьж байгаа аж.
Оросын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, нэг шөнийн дотор 389 украин дрон устгасаны дотор Москва орчимд илэрсэн олон дрон байжээ.
Мөн НАТО-гийн гишүүн Латви улс Оросоос ирсэн дрон өөрийн нутагт унасан гэж мэдэгдсэн байна. Хэрэв Орос НАТО-гийн гишүүн оронд санаатайгаар халдсан, эсвэл алдаа гарсан нь батлагдвал НАТО-гийн хамтын хамгаалалтын 5-р заалт хэрэгжиж, бүх гишүүн орон хамтран хариу арга хэмжээ авах боломжтой аж.
Эх сурвалж: AL JAZEERA










































































