НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Ираны талаар баримталж буй бодлогыг дэмжсэн мэдэгдэл хийсэнд Европын хэд хэдэн улс таагүй хандаж байгаа талаар Financial Times сонин дипломат эх сурвалжуудын мэдээлээс иш татан уламжилжээ.
Дипломатуудын хэлснээр, Рютте Европын орнуудыг Ормузын хоолойд явагдаж болзошгүй ажиллагаанд оролцох талаар санал гаргасан нь тэднийг “хүнд байдалд” оруулсан байна. Учир нь, Европын Холбоо одоогийн байдлаар уг зөрчилд татагдан оролцоход бэлэн биш байгаа аж.
Ойрхи Дорнод дахь хурцадмал байдал нэмэгдэж, газрын тос, хийн үнэ огцом өссөн нь Европын орнуудын санаа зовнилыг улам нэмэгдүүлж, Рюттегийн байр суурьтай эрс зөрчилдөж байгааг тус сонин онцолжээ. Түүнчлэн тэрбээр Вашингтоныг НАТО-гийн үйл ажиллагаанд идэвхтэй хэвээр байлгахын тулд АНУ-ын удирдлагын бодлоготой нийцүүлэх хандлагатай гэж дүгнэсэн байна.
Европын дипломатчид Рюттегийн мэдэгдэл болон Европын ихэнх нийслэлүүдийн байр суурь хооронд зөрүү гарч байгаад санаа зовниж буйгаа илэрхийлжээ.
Европын Холбооны гадаад бодлогын тэргүүн Кая Каллас “Энэ бол Европын дайн биш” хэмээн онцолж, түүний байр суурийг Герман, Итали, Испани зэрэг орнууд дэмжсэн байна. Нөгөөтэйгүүр НАТО-гийн төлөөлөгч “Альянс байлдааны ажиллагаанд оролцохгүй байгаа ч нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна” гэж мэдэгджээ.
Ойрхи Дорнод дахь зөрчил хурцдаж байна
АНУ болон Израиль улс хоёрдугаар сарын 28-нд Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлж, Тегеран зэрэг томоохон хотууд цохилтод өртсөн.
Үүний хариуд Ираны элит хүчин болох Исламын хувьсгалын харуулын корпус Израиль руу өргөн хүрээтэй довтолгоо хийснээ мэдэгдсэн бөгөөд АНУ-ын цэргийн объектууд байрладаг Бахрейн, Иордан, Катар, Кувейт, АНЭУ, Саудын Араб зэрэг орнуудад мөн цохилт өгсөн билээ.
Гуравдугаар сарын 11-нд Ираны зэвсэгт хүчний “Хатам аль-Анбия” төв штабын төлөөлөгч мэдэгдэхдээ “Дэлхийн газрын тосны экспортын ойролцоогоор тавны нэг нь дамжин өнгөрдөг Ормузын хоолойгоор АНУ болон түүний холбоотнуудтай холбоотой нефтийн ачааг нэвтрүүлэхгүй” гэж анхааруулсан байна.
Эх сурвалж: TASS










































































