Дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ сүүлийн өдрүүдэд огцом буураад байсан ч өнөөдөр өглөө дахин өсөлт үзүүлж, хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байна.
Лондоны ICE биржийн арилжааны үеэр Brent төрлийн газрын тосны тавдугаар сарын нийлүүлэлтийн үнэ 4.31 хувиар өсөж, нэг баррель нь 104.35 ам.долларт хүрчээ. Мөн WTI төрлийн газрын тосны тавдугаар сарын фьючерс үнэ адил хэмжээгээр өсөж, 91.93 ам.долларт хүрсэн байна.
Газрын тосны үнийн энэхүү савлагаа нь АНУ болон Ираны хоорондын харилцаатай холбоотой мэдээллүүдтэй шууд холбоотой гэж шинжээчид үзэж буй аж.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт “Вашингтон ба Тегеран “үр дүнтэй хэлэлцээ” хийсэн тул Ираны эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгөх төлөвлөгөөг тав хоногоор хойшлуулсан” гэж мэдэгдсэн. Гэвч Ираны албаныхан уг мэдэгдлийг няцааж, АНУ-тай ямар ч хэлэлцээ хийгээгүй хэмээн мэдэгдсэн нь зах зээлд тодорхойгүй байдлыг улам нэмэгдүүлэв.
Үүнээс өмнө Трампын мэдэгдлийн дараа зах зээлд огцом савлагаа үүсч, Brent төрлийн газрын тосны үнэ гуравдугаар сарын 12-ноос хойш анх удаа 96 ам.долларт хүрч, 14 гаруй хувиар унаад байсан юм.
Шинжээчдийн үзэж байгаагаар, Ойрхи Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, ялангуяа Ирантай холбоотой аливаа мэдээ мэдээлэл нь газрын тосны үнийг богино хугацаанд хүчтэй савлуулах гол хүчин зүйл хэвээр байна.
Эх сурвалж: TASS









































































