Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гаргийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгосонтой холбогдуулан өнөөдөр улс орон даяар энэ өдрийг ес дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.
“Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийн хүрээнд төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагаас иргэд, олон нийтэд зориулсан сургалт, дадлага болоод ерөнхий боловсролын сургуулийн II улирлын бие даалтын долоон хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх хүрээнд хамтарсан хичээл, сургалтыг зохион байгуулж байгаа юм.
Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 52.6 хувь нь маш өндөр, 24.5 хувь нь өндөр, 22.9 хувь нь дунд зэргийн газар хөдлөлтийн эрсдэлтэй бүсэд хамаардаг бол нийслэл хотын 95.3 хувь нь маш өндөр, 4.7 хувь нь өндөр эрсдэлтэй бүсэд багтаж байгаа нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдогийг харуулж байна.
Он гарсаар эхний хоёр сарын байдлаар Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт нийт 5178 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэнээс 3073 нь манай улсын нутаг дэвсгэрт болсон байна. Үүнээс 3.5 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлт 10 удаа бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 43 хувиар өссөн үзүүлэлт юм.
Тиймээс иргэд та бүхэн газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх байнгын бэлэн байдлыг дээшлүүлэх мэдлэг, мэдээллээ дээшлүүлж, болзошгүй эрсдэлээс хамгаалах анхан шатны сургалт, дадлагад хамрагдахыг уриалж байна.
Газар хөдлөхөөс айх бус урьдчилан сэргийлэх мэдлэгтэй байхыг зөвлөлөө

Иргэн бүр гэр, ажлын байран дахь хүнд эд зүйлсийг бэхлэх, бэлэн байдлын төлөвлөгөөтэй, яаралтай үед хэрэглэх үүргэвч бэлтгэж газар хөдлөхөөс айх биш урьдчилан сэргийлэх мэдлэгтэй байхыг ОБЕГ-аас зөвлөж байна.
Манай оронд газар хөдлөх нь харьцангуй цөөн ч хүч ихтэй газар хөдлөх эрсдэлтэй. Нийслэл орчимд Хустай, Авдар уул, Гүнж, Шархай, Эмээлт, Мөнгөнморьт зэрэг идэвхтэй 6 хагарал оршдог.
Зөвхөн Хустайн хагарал дээр 7 магнитудын хүчтэй газар хөдлөхөд орон сууцны барилгын 11 хувь нурж, 7000 гаруй хүн, гэр хорооллын 30 орчим хувь нурж, 38 мянга гаруй хүн амиа алдах эрсдэлтэй тооцоо гаргасныг тус газар мэдээлжээ.
Мөн олон улсын байгууллагын үнэлгээгээр 6.6-7.6 магнитудын газар хөдлөх үед барилга байгууламжийн 22-50 хувь нь эвдэрч, 30-60 мянган хүний амь эрсдэх магадлалтай гэж дүгнэсэн байдаг.
Энэ эрсдэлийг багасгахаар ОБЕГ, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран “Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг хоёр үе шаттай хэрэгжүүлж, барилга байгууламжийн аюулгүй байдлыг дээшлүүлэх ажлын зохион байгуулалт, төлөвлөлт, хүний нөөц болон техникийн чадавхыг сайжруулах, үүний ач холбогдлыг ойлгуулах ажлыг амжилттай хийжээ.
Тухайлбал, барилгын газар хөдлөлтөд тэсвэртэй байдлыг дээшлүүлэх чиглэлээр бодлогын баримт бичиг, дүрэм, зааврыг шинэчилж, батлуулснаас гадна ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн барилгыг хүчитгэж байгаа аж.
Мөн барилгыг хэрхэн хүчитгэх сургалтыг үр дүнтэй зохион байгуулж, “Хоргодох байраар ашиглах сургууль, цэцэрлэгийн төлөвлөлтийн гарын авлага”, цутгамал төмөр бетон, том хавтгаалжин угсармал бүтээцтэй барилгын үнэлгээ, хүчитгэлийн дүрмийг шинэчлэн, ган бүтээцтэй барилга газар хөдлөлтөд хэр тэсвэртэйг үнэлэх, хүчитгэх “БД 22‑107‑25” дүрмийг боловсруулж, батлуулжээ.










































































