АНУ-ын Ерөнхийлөгчийн эхнэр байна гэдэг үргэлж олны анхаарлын төвд байхыг шаарддагийг Меланиа Трамп маш сайн ойлгодог аж. Гэвч тэрбээр энэ анхаарал өөрийн хүү Баррон Трампад чиглэх вий гэдгээс болгоомжилсоор иржээ. Баррон бол Дональд Трамп, Меланиа нарын төрсөн хүү билээ.
Баррон саяхан 20 нас хүрч, 2016 онд Трамп анх Ерөнхийлөгчөөр сонгогдож, Цагаан ордонд орж байх үеийнх шиг бяцхан хүү байхаа больжээ. Тэрбээр улс төрийн мэдээний гол сэдэв байгаагүй ч сошиал орчинд хүмүүсийн анхаарлыг ихээр татах болсон байна.
Меланиа энэ байдлаас болгоомжилж, хүү нь эцгийнхээ адил улс төрд оролцох магадлалтайд санаа зовниж байгаагаа илэрхийлжээ.
Тэрбээр 2024 онд хэвлүүлсэн дурсамж номдоо “Би хүү Барроныхоо төлөө санаа зовж байсан. Тэр үед дөнгөж 10 орчим настай жаахан хүүхэд байсан. Улс төрд орсон эхний жил маань түүнийг ийм хүсээгүй анхаарлаас хамгаалах шийдвэрийг минь улам бататгасан” гэж бичсэн байна.
Баррон одоогоор албан тушаалд өрсөлдөөгүй ч эцгээ дахин сонгогдоход нь тодорхой хэмжээнд тусалсан гэх мэдээлэл бий. Тухайлбал, залуу эрэгтэй сонгогчдод хэрхэн хандах талаар зөвлөгөө өгчээ.
Сүүлийн үед сошиал сүлжээнд Барроны насанд хүрсэнийг илүү олон хүн анзаарч эхэлснээр Израиль, АНУ, Ираны хоорондын мөргөлдөөнд дургүйцсэн зарим хүмүүс Ерөнхийлөгчийн хүүг цэрэгт татах ёстой гэсэн байр суурь илэрхийлэх болжээ. Энэхүү мөргөлдөөнтэй холбоотойгоор АНУ иргэдээ дайчлах эсэх талаар ч асуултууд гарч ирж буй аж.
Израилийн цохилтын дараа Ираны удирдлагад ноцтой хохирол учирч, хариу цохилтын эхний давлагаанд америк цэргүүд амь үрэгдсэн гэх мэдээллийн дараагаар зарим хүмүүс сошиал орчинд #SendBarron гэх ёжтой (хошигнол маягийн) хаштагийг түгээж эхэлжээ.
Мөн “South Park” цувралын хуучин зохиолч Toby Morton энэ санааг улам дэвэргэж, Барроныг дайчилъя гэсэн агуулгатай DraftBarronTrump.com гэх вэбсайт хүртэл нээсэн байна.
Тус ёжтой сайт дээр Трампын хэв маягийг дуурайлган “Америк хүчирхэг байдаг нь түүний удирдагчид хүчирхэг байдагтай холбоотой. Ерөнхийлөгч Трамп үүнийг өдөр бүр баталдаг.
Тиймээс түүний хүү Баррон эцгийнхээ удирдаж буй улсыг хамгаалахад бүрэн бэлэн. Үйлчлэх нь нэр төр. Хүч чадал удамшдаг” хэмээн бичжээ. Төгсгөлд нь “Dog Bless Barron” (God Bless-ийг ёжилсон хэлбэр) гэж дурдсан байна.
Мөн Дональд Трамп Вьетнамын дайнд “ясны өвчин” (bone spurs) гэх шалтгаанаар цэргийн албанаас чөлөөлөгдөж байсан түүхийг ёжилж,
“Хэрэв та батлагдсан удам, өвлөгдсөн зориг, эргэлзээгүй шийдэмгий байдлыг хайж байгаа бол Трампын гэр бүлээс цааш хайх хэрэггүй” гэж бичжээ.
Эх сурвалж: UNILAD










































































