БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун БНАСАУ-ын Ардын дээд хурлын 15 дахь удаагийн анхдугаар чуулганы үеэр тавьсан бодлогын илтгэлдээ Өмнөд Солонгосыг албан ёсоор “дайсагнагч улс” гэж зарласан талаар Солонгосын төв мэдээллийн агентлаг мэдээлжээ.
Тэрбээр “Ялангуяа бид Өмнөд Солонгосыг хамгийн дайсагнагч улс гэж үзэж, түүнийг бүрэн няцааж, хамгийн тодорхой үг хэллэг, үйлдлээр үл тоомсорлох болно” гэж мэдэгдсэн байна.
Үүнтэй зэрэгцэн Хойд Солонгосын удирдагч “Өмнөд Солонгос БНАСАУ-ын эсрэг аливаа халдлага үйлдвэл хатуу, өршөөлгүй хариу арга хэмжээ авна” гэж онцолжээ.
Тэрбээр мөн “Өмнөд Солонгос манай улсын эсрэг чиглэсэн аливаа үйлдлийнхээ төлөө ямар ч үл хамаарах нөхцөлгүйгээр, эргэлзэлгүйгээр хатуу төлөөс төлөх болно” хэмээн анхааруулсан байна.
Өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр Ким Жон Ун Өмнөд Солонгостой ямар нэгэн холбоо харилцаа тогтоохоос бүрэн татгалзаж буйгаа илэрхийлж, хоёр улс нь бие биедээ дайсагнасан, тусдаа хоёр улс гэсэн зарчмыг дахин онцолжээ. Тэрбээр НҮБ-д хүртэл хоёр улс тусдаа бүртгэлтэй байдгийг дурджээ.
Түүний хэлснээр, Сөүлийн тухайд “юу ч үлдээгүй”, үлдсэн нь зөвхөн Хойд Солонгосын үндэсний ашиг сонирхолд тулгуурласан “хүйтэн тооцоо” болон “шийдэмгий хариу арга хэмжээ” л байна гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: RIA NOVOSTI










































































