“Гадаад улсад өндөр цалинтай ажилд оруулна” хэмээн итгүүлж, 2020 онд нэр бүхий долоон эмэгтэйг Зүүн өмнөд Азийн орнууд руу авч яван, улмаар тэднийг худалдаалж, хүчээр биеийг нь үнэлүүлсэн хэрэгт холбогдсон Х.Нандин-Эрдэнийг шүүх гэм буруутайд тооцов.
Тэрбээр хохирогч эмэгтэйчүүдийг харийн оронд авч очоод, биеийг нь үнэлүүлж, олсон орлогоос нь нислэгийн тийз, байрны түрээс, хувцас зэрэг зардлыг нэхэн суутгаж авч байсан нь тогтоогджээ.
Уг хэрэгт холбогдуулан Интерполын шугамаар олон улсад эрэн сурвалжилж, түүнийг Казахстан улсад байхад нь илрүүлэн шилжүүлж авчирсан байна. Үүний дараа Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгалт явуулж, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан “хоёр болон түүнээс олон хүнийг худалдаалсан”, мөн “Монгол Улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцэж, шүүгч Д.Доржсүрэн, М.Далайхүү, Ц.Эрдэнэчимэг нар Х.Нандин-Эрдэнийг долоон эмэгтэйг хил дамнуулан гаргаж, бусдад биеийг нь үнэлүүлсэн, хүн худалдаалсан гэм буруутайд тооцож, түүнийг таван жил зургаан сарын хугацаагаар хорих ял оноосон байна.
Мөн түүнийг олон улсад эрэн сурвалжилж, Казахстанаас шилжүүлэн авчирсан зардал болох 11 сая төгрөгийг гаргуулан, цагдаагийн байгууллагад олгохоор шийдвэрлэжээ.










































































