Монголын өмнөд хэсэгт орших Ухаа толгод орчмоос судлаачид нэн ховор, маш жижиг хэмжээтэй эртний хөхтөн амьтны чулуужсан үлдэгдэл олж илрүүлжээ. Энэхүү олдвор нь ойролцоогоор нэг сантиметр урттай бөгөөд бараг бүтнээрээ хадгалагдсан нь онцгой ач холбогдолтойд тооцогдож байна.
Судлаачдын үзэж буйгаар, уг амьтан нь Цэрдийн галвын хожуу үед амьдарч байсан “бичил хөхтөн”-үүдийн эртний төлөөлөгчдийн нэг аж. Тухайн үед дэлхий дээр аварга биет үлэг гүрвэлүүд ноёрхож байсан ч ийм жижиг амьтад тэдэнтэй зэрэгцэн оршин тогтнож байжээ.
Ялангуяа гавлын яс, үе мөчний бүтэц нь бүрэн шахам хадгалагдсан нь эрдэмтдэд тухайн үеийн амьд биетүүдийн хувьсал, олон янз байдлыг илүү нарийвчлан судлах боломж олгож байгаа аж. American Museum of Natural History-ийн мэдээлснээр, ийм жижиг хэмжээтэй атлаа зөөлөн эдийн ул мөртэй олдвор бараг бүртгэгдээгүй байна.
Эрдэмтэд уг амьтныг шавьж идэшт, орчин үеийн сохор номинтой төстэй “иш хөхтөн” ангилалд хамааруулж буй бөгөөд Velociraptor зэрэг махчин үлэг гүрвэлүүдтэй нэг цаг үед амьдарч байжээ.
Мөн уг амьтан хүчтэй элсэн шуурганы үеэр маш нарийн ширхэгтэй хуурай элсэнд даруулсны үр дүнд ийнхүү гайхалтай сайн хадгалагдсан гэж эрдэмтэд үзэж байгаа аж. Энэ нь говийн хатуу ширүүн орчинд амьд биетүүд хэрхэн дасан зохицож байсныг тайлбарлах чухал нотолгоо болж буй юм байна.
Одоогийн байдлаар судлаачид орчин үеийн “Micro-CT” технологи ашиглан чулуужсан үлдэгдлийг гэмтээлгүйгээр дотор бүтцийг нь шинжилж, өндөр нарийвчлалтай 3D загвар гарган авч, цаашдын судалгаагаа үргэлжлүүлж байгаа ажээ.
Эх сурвалж: AMERICAN MUSEUM OF NATIONAL HISTORY










































































