АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ойрхи Дорнод дахь мөргөлдөөнийг “бүрэн, бүхэлд нь шийдвэрлэх” талаар АНУ ба Ираны хооронд хэлэлцээ болсон гэж мэдэгджээ.
Тэрбээр олон нийтийн сүлжээнд бичихдээ “Ираны цахилгаан станцуудыг онилон цохилт өгөх төлөвлөгөөгөө тав хоногоор хойшлуулсан” гэж хэлсний үүний дараа газрын тос, хийн үнэ даруй буурсан байна.
Гэвч Ираны парламентын дарга Мохаммад-Багер Галибаф ийм хэлэлцээ огт болоогүй хэмээн няцааж, “Газрын тосны зах зээлийг удирдах зорилготой хуурамч мэдээлэл” гэж мэдэгджээ.
Анхны мэдэгдлийнхээ дараа Трамп Иранд “энхийн төлөөх сүүлийн нэг боломж” байгаа гэж дахин онцолсон байна.
Эдгээр хурдан өөрчлөгдөж буй үйл явдлууд нь энэ дайн хэр тогтворгүй, урьдчилан таамаглахад бэрх байгааг харуулж буй юм.
Үүний зэрэгцээ цохилтууд үргэлжилсээр байна. Ираны нийслэл Тегеран болон Ливаны нийслэл Бейрут хотуудад дэлбэрэлтүүд болж буй бөгөөд Ливаны эрүүл мэндийн яамны мэдээлснээр, өнгөрсөн сараас эхэлсэн мөргөлдөөний улмаас 1039 хүн амь үрэгдээд байгаа аж.
Ойрхи Дорнод дахь нөхцөл байдал: Трамп “маш сайн хэлэлцээр” хийх боломжтой гэж үзэв
Бүс нутагт шөнө дундад дөхөх үед болсон гол үйл явдлуудыг тоймловол:
- Дональд Трамп АНУ болон Ираны хооронд мөргөлдөөнийг зогсоох “маш сайн хэлэлцээр” хийх боломжтой гэж дахин мэдэгдээд, Ираны эрчим хүчний байгууламжуудыг бөмбөгдөх заналхийллээ түр хугацаанд (5 хоног) хойшлуулсан байна.
- Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Трамптай утсаар ярьсны дараа “Ирантай тохиролцоонд хүрвэл АНУ-Израилийн ажиллагааны зорилгууд биелнэ” гэж мэдэгдэв.
- Харин Иран хэлэлцээ болсон гэх мэдээллийг няцааж, парламентын дарга Мохаммад-Багер Галибаф “Газрын тосны зах зээлд зориуд нөлөөлөх гэсэн хуурамч мэдээ” гэж тодорхойлжээ.
- Хэлэлцээний магадлалын тухай мэдээлэл гармагц дэлхийн хөрөнгийн зах зээл өсөж, газрын тосны үнэ буурсан байна.
- Мөргөлдөөн үргэлжилсээр: Ливаны нийслэл Бейрутэд утаа суунаглаж, Тегеранд цохилтууд үргэлжилж, Саудын Араб зүүн муждаа дөрвөн дроныг устгасан гэж мэдэгджээ.
- Их Британий Сангийн сайд Рэйчел Ривз мягмар гарагт онцгой байдлын “Cobra” хурлын шийдвэрүүдийг танилцуулж, үнийн хөөрөгдлөөс сэргийлэх бодлого зарлах төлөвтэй байгаа аж.
- Ерөнхий сайд Кийр Стармер дайныг “түргэн дуусна” гэж хэт өөдрөгөөр харахгүй байхыг анхааруулжээ.
Эх сурвалж: BBC










































































