Монгол Улсын улс төрийн өнөөдрийн өнгө төрхийг харуулсан олон нийтлэл гаднын хэвлэлүүдэд нийтлэгдсээр байна. Тухайлбал, REUTERS агентлагийн “Ерөнхий сайдыг огцруулах санал өгсний дараа Монголын улстөрчдөд ял тулгаж байна” гарчигтай нийтлэлийг бид энэ удаагийн “БИДНИЙ ТУХАЙ” буландаа онцолж байна.
Тус нийтэлд “Ерөнхий сайдыг огцруулах санал хураалтад оролцсон хэргээр Монголын олон залуу улстөрчид, түүний дотор олон эмэгтэй гишүүн урт хугацааны хорих ял авах эрсдэлтэй тулгарч байна. Тэд үүнийг “Улс төрийн удирдлагыг эсэргүүцэх тэмцлийн эхний шатны мөргөлдөөн бөгөөд улс орныг авторитар дэглэм рүү гулсахаас сэргийлэх оролдлого” гэж үзэж буй аж.
Шинжээчид энэхүү маргаан нь эрх баригч нам доторх фракцын эрх мэдлийн тэмцлийн нэг хэсэг бүс нутагтаа ардчилалтай цөөн орны нэг болох Монгол Улсыг сулруулж болзошгүй гэж үзэж байна. Монгол Улс Орос болон Хятад хоёр хөршөөсөө хараат бус, гадаад бодлого хэрэгжүүлэхийг зорьж буй энэ үед ийм нөхцөл үүсээд байгаа аж.
Парламентын дэд даргаар ажиллаж байсан, Йелийн их сургуульд боловсрол эзэмшсэн Хүрэлбаатарын Булгантуяа “The Guardian” сонинд өгсөн ярилцлагадаа “төрийн эрхийг хууль бусаар булаан авах оролдлого” хэмээн буруутгаж, 12-20 жилийн хорих ял авах эрсдэлтэй байгаагаа хэлжээ. Тэрбээр уг ял тулгалтыг Монголд урьд өмнө байгаагүй, утгагүй хэрэг хэмээн тодорхойлсон байна.
Мөн түүний хилээр гарахыг хориглож, Монгол Улс доторх хөдөлгөөнд нь хязгаарлалт тавьж, түүнд холбогдох хэрэгт тус улсын тагнуулын байгууллага оролцсон байна.
Монгол Улс ашигт малтмалын баялаг ихтэй бөгөөд улс төрийн авлигын асуудлаас үүдэн эрх баригч Монгол Ардын Нам доторх зөрчилдөөн сүүлийн үед гаарсан. Түүнчлэн нам дотор үеийн ялгаа үүсэж, гадаадад боловсрол эзэмшсэн залуу шинэчлэгчид уламжлалт удирдлагатайгаа зөрчилдөх болжээ.
Уг хэрэг нь аравдугаар сард парламент дээр болсон санал хураалттай холбоотой. Тухайн үед парламентын дэд даргаар ажиллаж байсан Булгантуяа гишүүдийн олонх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарыг огцруулах санал өгсөн гэж дүгнэсэн санал хураалтыг даргалсан байна. Ерөнхий сайд энэ албан тушаалд томилогдоод ердөө дөрвөн сарын дараа ийм санал гарчээ.
Энэхүү санал хураалт нь ашигт малтмал экспортлогчдын татварын тогтолцоонд өөрчлөлт оруулах маргаантай асуудалтай холбоотой байж. Ерөнхий сайдыг эсэргүүцэгчид “Энэ өөрчлөлт нь томоохон экспортлогчдод ашигтай, харин улсын орлогыг бууруулна” гэж үзжээ.
Х.Булгантуяа уг санал хураалтыг өмнөх жишиг, тэр дундаа 2021 оны ижил төстэй үйл явцтай нийцсэн журмаар явуулсан гэж мэдэгдсэн байна.
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдын холбоотон агаад парламентын шийдвэрийг хориглон буцаажээ. Үүний зэрэгцээ Занданшатарын Засгийн газрын Тамгын газрын дарга Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандахад, цэц уг санал хураалт нь буруу тооцооллоор явсан, мөн хэлэлцүүлгийн эхэнд ирцийн бүртгэлийг будлиантуулсан гэж дүгнэсэн байна. Энэхүү шийдвэр давж заалдах боломжгүй байжээ.
Х.Булгантуяад шүүх хурлын өмнө өмгөөлүүлэх эрхээ эдлэхэд хоёр хоногоос бага хугацаа олгогдсон байна. Тэр “Шүүх хурал ихэнхдээ хаалттай явагдсан. Мөн хуульчийн туслалцаа авах боломж олгоогүй” гэж хэлсэн байна.
Тэрбээр “Би парламентын шийдвэрийг гүйцэтгэж байсан тул төрийн эрхийг булаан авах гэж оролдсон хэмээн буруутгах нь утгагүй” хэмээн мэдэгджээ. Түүний өмгөөлөгчид ч “Парламентын дээд эрх бол Монголын хяналт-тэнцлийн тогтолцооны гол үндэс бөгөөд ардчилсан Үндсэн хуулийн тулгуур зарчим юм” гэж онцолсон байна.
Х.Булгантуяаг парламентын дэд даргын албан тушаалаас нь огцруулж, мөн МАН-аас хөөжээ. Үүнээс гадна Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар боловсруулсан хуулийн төсөлд нам нь ёс зүйгүй гэж үзсэн тохиолдолд зарим гишүүдийн халдашгүй эрхийг цуцлах заалт тусгагдсан байна.
Өөр нэг шүүмжлэгч, парламентын гишүүн бөгөөд Монголын түүхэн дэх анхны эмэгтэй аймгийн Засаг дарга Энхбатын Болормаа хэлэхдээ “Энэ бол Монголын ардчилал, Үндсэн хууль, парламентын гишүүний эрхээ хэрэгжүүлэх боломжийн бодит сорилт юм. Бид Ерөнхий сайдыг хариуцлагад татаж, цөөн хэдэн хүчирхэг уул уурхайн группт хууль бус татварын хөнгөлөлт олгосныг эсэргүүцсэн. Харин одоо үүнийхээ төлөө биднийг дуугүй болгож байна” гэжээ.
Парламент хоорондын холбооны хүний эрхийн байгууллагаас гаргасан гомдолд “Эрх мэдэл “гүйцэтгэх засаглал”-д төвлөрч буй бөгөөд үүний улмаас шинэчлэгч, бие даасан, ялангуяа залуу парламентчид өөрсдийн Үндсэн хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлсний төлөө дарамт, сүрдүүлэг, хариу арга хэмжээтэй тулгарч байна” гэж дурдсан байна.
Монголын өмнөх Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ өнгөрсөн зун авлигын эсрэг жагсаалын улмаас итгэл үзүүлэх саналд ялагдаж, гурван долоо хоногийн дараа огцорсон.
Тэрбээр саяхан “Булгантуяа яг юу буруу хийсэн юм бэ? Парламентын хурлыг удирдсанаар гэмт хэрэгтэн болдог бол бидэнд парламентын ардчилал хэрэгтэй юу? Хурал удирдаж, хэн нэгэнд таалагдахгүй байх нь гэмт хэрэг биш. Энэ бүхний хэмжээ хэтэрч байна” гэж хэлжээ.
Монгол Улсад удирдлага солигдох нь байнга давтагдаж буй бөгөөд хэвийн үзэгдэл болсон. Ардчилсан тогтолцоотой сүүлийн 30 жилийн хугацаанд ердөө хоёр засгийн газар л бүтэн дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаагаа дуусгасан. Засгийн газрууд дунджаар 1.8 жил оршин тогтнодог” гэжээ.
Эх сурвалж: THE GUARDIEN










































































