Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Увс аймагт хүрэлцэн ирж, түүнийг аймгийн удирдлагууд болон Улаангомын цэргийн хүрээний хүндэт харуул угтан авлаа.
Тэрбээр аймгийн “Ойрад” ХЖТ-т иргэдтэй уулзалт хийж байна. Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан зарим хүмүүсийг төрийн дээд одон, медалиар шагналаа. Монгол Улсын Гавьяат багш цолоор Улаангом сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийн захирал Г.Цэрэндулам, Монгол Улсын Гавьяат тээвэрчин цолоор Увс аймгийн Тээврийн удирдах газрын ахмад ажилтан С.Батбанди, Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор “Хөдөлмөрийн шим” хоршооны эзэн Б.Төвсанаа нарыг шагнаж урамшууллаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уулзалтын дараагаар “Увс хүнс” ХК болон Хилийн цэргийн 0245 дугаар ангиар орж, үйл ажиллагаатай нь танилцана.











































































