ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ираны удирдагчдад Наурызын баярын мэнд хүргэж, Кремль бямба гарагт “Москва Тегераны үнэнч найз, найдвартай түнш хэвээр байна” гэж мэдэгджээ. Гэвч Оросын Иранд үзүүлж буй дэмжлэгийн бодит хэмжээ маргаантай хэвээр байгаа аж.
Ираны зарим эх сурвалжуудын хэлснээр, АНУ-ын дэмжлэгтэй шахыг түлхэн унагасан 1979 оны хувьсгалаас хойших хамгийн том хямралын үед Москвагаас бодит тусламж төдийлөн ирээгүй гэж үзэж буй юм байна.
Кремлийн мэдээлснээр “Владимир Путин Ираны ард түмэнд хүнд сорилтуудыг нэр төртэй даван туулахыг хүсээд, энэ хүнд цаг үед Москва Тегераны үнэнч найз, найдвартай түнш хэвээр байхыг онцолсон” гэжээ.
Оросын талын үзэж буйгаар, АНУ болон Израилийн Иранд хийсэн довтолгоонууд нь Ойрхи Дорнодыг бүхэлд нь эмх замбараагүй байдал руу түлхэж, дэлхийн эрчим хүчний томоохон хямрал үүсгэсэн буй юм. Мөн Путин Ираны Дээд удирдагчийг хөнөөсөн явдлыг “ёс суртахуунгүй (хорон) аллага” гэж буруушаасан байна.
“Politico” хэвлэлд мэдээлснээр, Москва Вашингтонд “Хэрэв АНУ Украинд Оросын эсрэг тагнуулын мэдээлэл өгөхөө зогсоовол Орос улс Иранд мэдээлэл дамжуулахаа зогсооно гэж санал болгосон” гэх боловч Кремль үүнийг худал мэдээлэл гэж няцаажээ.
Мөн Орос улс өмнө нь Венесуэлийн удирдагч Николас Мадурог АНУ түлхэн унагаснаар нэг холбоотон улсaa алдсан ч АНУ болон Израилийн Иранд хийсэн довтолгооноос үүдэлтэй газрын тосны үнийн өсөлтөөс тодорхой хэмжээнд ашиг хүртэж байгаа юм.
Хоёр улсын стратегийн түншлэлийн гэрээнд харилцан батлан хамгаалах заалт байхгүй бөгөөд Орос улс Иран цөмийн зэвсэгтэй болохыг хүсэхгүй байгаагаа удаа дараа илэрхийлсэн. Учир нь, энэ нь Ойрхи Дорнодод цөмийн зэвсгийн өрсөлдөөн бий болгоно гэж Москва болгоомжилж буй аж.
Эх сурвалж: REUTERS










































































