Монголын улс төрийн хүрээнд анхаарал татсан маргаан сүүлийн өдрүүдэд өрнөөд буй. Ерөнхий сайд асан Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ өнгөрөгч гуравдугаар сарын 11-нд NTV телевизийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцох үеэрээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Баттогтохын Энхбаяртай холбоотой ноцтой мэдэгдэл хийсэн.
Тэрбээр ярилцлагын үеэр Б.Энхбаярыг “Бодь” группээс 500 мянган ам.долларын хандив авсан байж болзошгүй тухай мэдээлэл олж сонссон хэмээгээд, уг асуудлыг Авлигатай тэмцэх газар (АТГ)-т шалгуулахаар өгөхөө мэдэгдсэн. Үүний дагуу өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг шалгуулах хүсэлтээ албан ёсоор АТГ-т гаргах юм байна.
Харин нөгөө тал болох Б.Энхбаяр уг мэдээллийг эрс няцааж, “гүтгэлэг” хэмээн тодорхойлжээ. Тэрбээр мэдэгдэлдээ “Бодь” групптэй холбоотой оффтейк гэрээнүүдийн ихэнхийг Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж байсан Засгийн газар өөрөө байгуулсаныг онцолжээ. Мөн уг асуудал өмнө нь олон нийтийн сонсголын үеэр нээлттэй хэлэлцэгдэж, холбогдох баримтуудыг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэнийг тайлбарлажээ.
Түүнчлэн Б.Энхбаяр өөрийгөө Хөгжлийн банк болон нүүрсний хэрэгтэй холбоотой зарим томоохон асуудлыг ил болгож, хуулийн байгууллагад шилжүүлсэн улс төрчдийн нэг хэмээн дурдсан бөгөөд Л.Оюун-Эрдэнийн мэдэгдэлд “логик үндэслэл байхгүй” гэж шүүмжилсэн байна.
Энэхүү маргаан нь Монгол Улсад сүүлийн жилүүдэд идэвхжиж буй авлигын эсрэг тэмцэл, томоохон төслүүдийн ил тод байдал, улс төрийн хариуцлагын асуудлыг дахин хөндөж буйгаараа онцлог юм. Ялангуяа оффтейк гэрээнүүд, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, Хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудлууд олон нийтийн анхаарлын төвд байсаар ирсэн.
Цаашид АТГ уг асуудлыг хэрхэн шалгаж, ямар дүгнэлт гаргах нь улс төрийн орчинд төдийгүй олон нийтийн итгэлд ч нөлөөлөх чухал үйл явдал болох нь.










































































