Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи “АНУ, Израиль Ираны цөмийн байгууламжууд руу довтолж, олон улсын эрх зүйг зөрчсөн” гэж үзэж, НҮБ-ыг энэ асуудалд хатуу байр суурь баримтлахыг уриалжээ. Мөн тэрбээр АНУ болон Израилиас Исламын Бүгд Найрамдах Улсын цөмийн объектод учруулсан хохирлыг нөхөн төлөхийг шаардсан байна.
Арагчи НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерришид илгээсэн захидалдаа “Натанз дахь болон Бушерийн цахилгаан станцын ойролцоох Ираны энхийн зориулалттай цөмийн объектууд руу хийсэн довтолгоо нь НҮБ-ын дүрэм, Олон улсын атомын энергийн агентлагийн дүрэм болон олон улсын эрх зүйн хэм хэмжээг зөрчиж байна” гэж онцолжээ.
Тэрбээр цааш нь “Цөмийн байгууламжууд руу халдвал цацраг идэвхт бодис их хэмжээгээр алдагдах эрсдэлтэй бөгөөд энэ нь хүн ам болон байгаль орчинд маш аюултай үр дагавар авчирч болзошгүй” гэж анхааруулсан байна.
Мөн Арагчи АНУ, Израилийн бөмбөгдөлтийг “түрэмгийлэл” гэж нэрлээд, халдлагыг нэн даруй зогсоох, түүнчлэн “учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлөх”-ийг АНУ болон Израильд уриалжээ.
Эх сурвалж: TASS










































































