Ираны парламентын дарга Мохаммад-Багер Галибаф мэдэгдэхдээ, хэрэв тус улсын цахилгаан станцууд руу халдвал бүс нутгийн эрчим хүч, нефтийн дэд бүтцэд даруй хариу цохилт өгнө гэж анхааруулжээ.
Тэрбээр гуравдугаар сарын 22-нд X (хуучнаар Twitter) платформд “Бүс нутгийн бүх чухал, эрчим хүч болон нефтийн дэд бүтцүүд хууль ёсны бай болно. Тэдгээрийг бүрэн устгаж, нефтийн үнэ урт хугацаанд өссөөр байх болно” гэж бичсэн байна.
Эдгээр мэдэгдэл нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иранд 48 цагийн хатуу шаардлага тавьсны дараа гарчээ. Тэрбээр “Ормузын хоолойг нэн даруй нээхийг шаардсан бөгөөд эс тэгвээс Ираны эрчим хүчний объектуудыг устгана” гэж сүрдүүлсэн билээ.
Трамп Truth Social-доо “Хэрэв Иран 48 цагийн дотор Ормузын хоолойг бүрэн, ямар ч аюул заналгүйгээр нээхгүй бол АНУ цохилт өгч, тус улсын цахилгаан станцуудыг, тэр дундаа хамгийн томоос нь эхлэн устгана” гэж бичжээ.
Ираны тал Ормузын хоолойг бүрэн хаана гэж заналхийлэв
Ираны Зэвсэгт хүчний төв штаб “Хатам аль-Анбия” хариуд нь телевизээр дамжуулан “Хэрэв АНУ Ираны цахилгаан станцуудад халдвал Ормузын хоолойг бүрэн хааж, сүйдсэн станцуудыг сэргээх хүртэл нээхгүй” гэж улсын телевизээр дамжуулан мэдэгджээ.
Мөн Ираны Хувьсгалт гвардын корпус (КСИР) өмнө нь мэдэгдэхдээ, халдлага гарвал бүс нутаг дахь АНУ болон холбоотнуудын эрчим хүч, мэдээллийн технологи, ус цэвэршүүлэх байгууламжуудыг бай болгоно” гэж анхааруулсан байна.
Дайн ба Ормузын хоолойн блокад
АНУ болон Израиль Ираны эсрэг дайн эхлүүлснээс хойш дэлхийн нефть, шингэрүүлсэн хийн тээврийн ойролцоогоор 20% дамждаг Ормузын хоолой бараг хаагдсан байдалтай байгаа юм. Иран Персийн булангийн орнуудын нефтийн объектууд болон нефть тээвэрлэгч танкеруудад цохилт өгч буй нь дэлхийн эрчим хүчний үнэ огцом өсөхөд хүргэсэн.
Далласын Холбооны нөөцийн банк “Хэрэв Ормузын хоолойн хаалт зургадугаар сарын эцэс хүртэл үргэлжилвэл дэлхийн эдийн засгийн өсөлт хоёрдугаар улиралд жилийн дүнгээр 2.9 нэгж хувиар буурна” гэж тооцоолжээ. Хэрэв хоолой гурван улирал дараалан хаалттай байвал оны эцэс гэхэд нефтийн үнэ баррель тутамд 132 доллар хүрч болзошгүй гэж шинжээчид үзэж байна.
Цэргийн мөргөлдөөн
АНУ, Израиль хоёрдугаар сарын 28-наас эхлэн Иранд агаараас цохилт өгч эхэлсэн. Үүний улмаас Ираны дээд удирдагч аятолла Али Хаменеи болон олон өндөр албан тушаалтан амь үрэгджээ. Хариуд нь Иран пуужин, дроноор Персийн булангийн бүсийн орнууд руу довтолж, АНУ-ын цэргийн баазуудыг онилж байна гэж мэдэгдсэн байна. Мөн нефтийн агуулахууд болон танкерууд ч халдлагад өртжээ.
Эх сурвалж: DW











































































