ОХУ-ын зэвсэгт хүчнүүд эрчим хүчний Украины дэд бүтцэд цохилт өгсний улмаас Чернигов хот бүрэн цахилгаангүй болсон байна. Энэ талаар гуравдугаар сарын 21-ний бямба гаргийн өглөө Чернигов хотын зөвлөлийн хэвлэлийн алба Telegram хуудсаараа дамжуулан мэдээлжээ.
Мэдэгдэлд “Чухал болон нийгмийн бүх дэд бүтцийн байгууллагууд нөөц тэжээлийн эх үүсвэрт шилжиж байна” гэж дурдсан байна. Мөн Укрзализныця компани цахилгаан тасарсантай холбоотойгоор тухайн бүс нутагт зарим галт тэрэг саатаж буй талаар мэдээлжээ.
Славутич хотод цахилгаан тасрав
Мөн энэ өдөр Киев мужийн цэргийн захиргааны дарга Николай Калашник өглөөний дайралтын улмаас Славутич хот төвлөрсөн цахилгаан хангамжгүй болсон талаар мэдэгдсэн байна. Тэрбээр “Бараг 21 мянган оршин суугч цахилгаангүй болсон. Эрчим хүчний ажилтнууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Айл бүрийн цахилгааныг сэргээхээр аль болох хурдан ажиллаж байна” гэж бичжээ.
Калашникийн мэдээлснээр, Славутич хотын чухал дэд бүтцүүдийг нөөц эх үүсвэрт шуурхай шилжүүлсэн бөгөөд дулаан, усан хангамж хэвийн үргэлжилж байгаа аж. Тэр “Нийгмийн байгууллагууд генератор болон аккумлятороор ажиллаж байна. Холбоо, интернэт хэвийн байна” гэж нэмж дурджээ.
Оросын довтолгоо
Украины Зэвсэгт хүчний Агаарын хүчний өглөөний мэдээллээр, гуравдугаар сарын 21-ний шөнө Орос улс Украин руу нийт 154 дрон (нисгэгчгүй онгоц) ашиглан довтолсон байна. Үүнээс 90 нь Shahed төрлийн дрон байжээ. Дронууд Орёл, Курск, Миллерово, Приморско-Ахтарск чиглэлүүд болон Крым дэх Гвардейское агаарын баазаас хөөрсөн байна.
Орон нутгийн цагаар өглөөний 08:30 гэхэд Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчнүүд 148 дрон устгасан буюу саармагжуулсан гэж мэдээлжээ. Гэсэн хэдий ч 5 цохилтын дрон 4 байршилд онож, мөн дронуудын хэлтэрхий 7 байршилд унасан байна. Тухайн өдрийн дараагийн мэдээллээр, Оросын довтолгооны зорилтуудын нэг нь Украины өмнөд хэсгийн эрчим хүчний дэд бүтэц байжээ.
Эх сурвалж: DW










































































