Тангарагтны шүүхийн бүрэлдэхүүн “Олон тэрбумын хөрөнгөтэй бизнес эрхлэгч Элон Маск 2022 онд Twitter Inc. компанийн нэр хүндийг унагаж, анх санал болгосон 44 тэрбум ам.долларын үнээс хямд үнээр худалдан авахыг оролдохдоо хөрөнгө оруулагчдыг санаатайгаар төөрөгдүүлсэн” гэж үзжээ. Энэ талаар гуравдугаар сарын 21-ний бямба гарагт Bloomberg агентлаг мэдээлсэн байна.
Тангарагтнуудын үзсэнээр, Маск Twitter-д хэт олон хуурамч (fake) аккаунт бий гэж мэдэгдэж, хэлцлээс татгалзах гэж байгаа мэт дүр эсгэхдээ хөрөнгө оруулагчдыг зориудаар төөрөгдүүлжээ. Шүүхийн маргааны гол сэдэв нь 2022 оны тавдугаар сарын 13-нд хийсэн түүний жиргээ байсан аж.
Тэр үед Маск “Twitter-ийг худалдан авах хэлцэл түр хугацаанд зогссон. Спам/хуурамч аккаунтууд нийт хэрэглэгчдийн 5%-иас бага гэдгийг батлах нэмэлт мэдээлэл хэрэгтэй” гэж бичиж байжээ.
Гэвч шүүхийн дүгнэлтээр, энэ нь компанийн үнийг бууруулах зорилготой урьдчилан төлөвлөсөн үйлдэл байж. 2022 оны долдугаар сард Twitter компани Маскийг худалдан авалтаас татгалзахад шүүхэд өгч, түүний дараа компанийн хувьцааны үнэ нэгж нь 32.52 ам.доллар болж унасан нь Маскийн санал болгосон үнээс 40%-иар бага байсан аж. Дараа нь Маск уг нийгмийн сүлжээг худалдан авч, нэрийг нь X болгон өөрчилжээ.
Компенсац хэдэн тэрбумд хүрч магадгүй
Найман хүний бүрэлдэхүүнтэй тангарагтны баг Маскийн мэдэгдлүүд таван сарын хугацаанд өдөр бүр хувьцааны үнэд хэрхэн нөлөөлж бууруулсныг тооцоолсон байна.
Түүний хөрөнгө оруулагчдад төлөх нөхөн төлбөр хэдэн зуун саяас хэдэн тэрбум ам.доллар хүрч магадгүй гэж Bloomberg бичжээ. Яг тодорхой хэмжээ нь хувьцаа эзэмшигчид нэхэмжлэл гаргасны дараа тогтоогдох аж. Хөрөнгө оруулагчдын өмгөөлөгч Марк Моламфигийн хэлснээр, энэ дүн ойролцоогоор 2.6 тэрбум ам.доллар байж магадгүй юм байна.
Харин Элон Маскийн тал уг шийдвэрийг давж заалдахаа мэдэгджээ. Түүний өмгөөлөгчид “Тангарагтны өнөөдрийн шийдвэр нэхэмжлэгчдийн талд болон эсрэг аль аль талын дүгнэлт агуулсан бөгөөд залилангийн шинж чанартай үйлдэл илрээгүй. Бид үүнийг томоохон ялагдал гэж үзэхгүй, давж заалдах шатанд шийдвэр өөрчлөгдөнө гэж найдаж байна” хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: DW










































































