АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп саяхан Цагаан ордонд Пентагоны батлан хамгаалахын долоон том гэрээт компанийн удирдлагуудтай уулзжээ. Энэ нь АНУ, Израиль Ираны эсрэг явуулж буй дайны нөхцөлд батлан хамгаалах салбарыг бэхжүүлэх оролдлогын нэг хэсэг аж.
Шинжээчдийн үзэж байгаагаар, энэ дайн нь АНУ-ын зэвсэг үйлдвэрлэлийн салбарт тодорхой асуудлууд буйг ил болгожээ. Тухайлбал, алсын тусгалтай баллистик пуужин, агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн нөөц хүрэлцэх эсэх, мөн дайн удаан үргэлжилвэл үйлдвэрлэлийг хурдан нэмэгдүүлэх боломжийн талаар санаа зовниулж байгаа аж.
Трамп уулзалтын үеэр Lockheed Martin, RTX (Raytheon), BAE Systems, Boeing, Honeywell Aerospace, Northrop Grumman зэрэг компаниудтай “үйлдвэрлэл болон хугацааны төлөвлөгөө”-ний талаар хэлэлцсэн гэж мэдэгджээ. Гэвч Пентагон болон эдгээр компаниудын хооронд шинэ үйлдвэрлэлийн хэмжээний талаархи хэлэлцээ Цагаан ордны хүссэн шиг хурдан ахихгүй байгаа мэдээлэл байна.
Трамп батлан хамгаалахын компаниудад сэтгэл дундуур байна
Вашингтонд төвтэй Capital Alpha Partners судалгааны компанийн шинжээч Байрон Калланы хэлснээр, батлан хамгаалахын томоохон компаниудыг “эрсдэл гаргах дургүй, ашгаа дахин хөрөнгө оруулалтад бус хувьцаа эзэмшигчдэд тараахад илүү анхаардаг” гэж шүүмжилдэг аж.
Трамп ч мөн эдгээр компаниудыг хувьцаа эзэмшигчдийн ашиг, удирдлагын цалин хөлсийг нэгдүгээрт тавьж, үйлдвэрлэл, дэд бүтцэд хангалттай хөрөнгө оруулалт хийхгүй байна гэж удаа дараа шүүмжилжээ. Тэр дундаа RTX (Raytheon)-ийг үйлдвэрлэлээ хамгийн удаан нэмэгдүүлж, мөн хөрөнгөө “хамгийн түрэмгий байдлаар” хувьцаа эзэмшигчдэд зарцуулж байна хэмээн онцолсон аж.
Трамп хэрэв компаниуд үйлдвэр, хүчин чадлаа нэмэгдүүлэхгүй бол төрийн гэрээнээс хасна гэж анхааруулжээ. Мөн тэрбээр нэгдүгээр сард гаргасан захирамждаа батлан хамгаалахын компаниуд чанартай, хугацаандаа, төсөвтөө багтаан бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадвартай болох хүртэл ногдол ашиг тараах, хувьцаагаа буцаан худалдан авахыг хориглох талаар дурдсан байна.

АНУ-ын батлан хамгаалах салбар: Илүү их, илүү хурдан үйлдвэрлэх шаардлага
Трампын үзэж байгаагаар, компаниуд үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэхэд хангалттай хөрөнгө оруулалт хийхгүй байгаа аж. Харин ашгаа хувьцааны үнийг өсгөх зорилгоор өөрсдийн хувьцааг буцаан худалдан авахад зарцуулж буй юм байна.
Украин болон Газын зурваст болж буй дайн нь АНУ-ын зэвсгийн эрэлтийг эрс нэмэгдүүлсэн. Үүнтэй холбоотойгоор Трамп зэвсэг нийлүүлэлт хэт удаан байгааг мөн шүүмжилжээ. Тэрбээр “Олон улс F-35 Lightning II сөнөөгч онгоц авахыг хүсэж байгаа ч нийлүүлэлт маш удаан байна. Үүнийг шийдэх цорын ганц арга бол шинэ үйлдвэр барих. Гэвч компаниуд өндөр өртөгтэй тул үүнийг хийхийг хүсэхгүй байна” гэжээ.

АНУ-ын батлан хамгаалах төсөв ба бодит байдал
Шинжээч Филип Ширсийн хэлснээр, АНУ-ын батлан хамгаалах үйлдвэрлэлд, ялангуяа сум, пуужин, агаарын довтолгооноос хамгаалах системд оруулж буй хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа аж. Гэхдээ тэр “Энэ нь бодит үйлдвэрлэл нэмэгдэх хүртэл тодорхой хугацаа шаардана” гэж анхааруулжээ.
Ширс DW-д ярилцлага өгөхдөө “Шинэ үйлдвэр байгуулах, эсвэл түүхий эдийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд олон жил шаардлагатай байдаг. Үүнийг бид Украинд болж буй дайны үеэр одоо хүртэл баригдаж байгаа олон үйлдвэрээс харж байна” хэмээн тайлбарласан байна. Мөн тэр “Үйлдвэрлэл удааширч буйн буруугийн ихээхэн хэсэг АНУ-ын засгийн газарт ногдоно” гэж нэмж хэлжээ. Учир нь, улс төрийн зөрчилдөөнөөс болж төсвийн асуудлаар цаг тухайд нь тохиролцож чаддаггүй байна.
Center for a New American Security (CNAS)-ийн судлаач “Хэрэв АНУ-ын засгийн газар батлан хамгаалах салбарыг хурдтай хөгжүүлэхийг хүсэж байвал төсвөө цаг хугацаанд нь баталж, гэрээ байгуулах, нөөц хуваарилах, салбарын өсөлтийг дэмжих нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай” гэж онцолсон байна. Тэрбээр цааш нь “Төсвөө цагт нь баталж чаддаггүй байдал нь геополитикийн хувьд өөрсдөдөө хийж буй ноцтой алдаа бөгөөд түүхэн үр дагаварт хүргэж болзошгүй” гэж нэмж хэлжээ.

Capital Alpha Partners-ийн Байрон Каллан өөрийн зүгээс Трампын засаг захиргаа батлан хамгаалах компаниудыг үйлдвэрлэлээ өргөтгөхөд илүү их хөрөнгө оруулахыг шаардаж байгаа ч төсвийн асуудлаас болж энэ зорилго биелэхгүй байж магадгүй гэж үзэж байгаа аж.
Олон нийтийн санал асуулгаар Ардчилсан нам ирэх арваннэгдүгээр сард болох завсрын сонгуулиар Конгрессын хяналтыг буцаан авах өндөр магадлалтай юм байна. Каллан “Энэ нь батлан хамгаалах зардлыг хязгаарлаж магадгүй. Ираны эсрэг дайн нь олны дэмжлэг багатай, хэрэв Ардчилсан нам ялвал эрүүл мэнд, дэд бүтэц зэрэг цэргийн бус салбарын зардлыг нэмэгдүүлэх хүлээлт бий болно” гэж хэлжээ.
АНУ 2025 оны төсөвтөө батлан хамгаалах салбарт 850 тэрбум ам.доллар тусгасан бол 2026 онд энэ тоо 900 тэрбумд хүрэх төлөвтэй байгаа аж. Харин Дональд Трамп 2027 он гэхэд цэргийн зардлыг 1.5 их наяд ам.долларт хүргэхийг уриалсан нь улсын өрийн тогтвортой байдалд эргэлзэж буй олон шинжээчийн санааг зовоож болжээ.
Ирантай хийж буй дайн удаан үргэлжлэх үү?
Батлан хамгаалах салбар мөн АНУ, Израиль Ираны эсрэг дайныг анх таамаглаж байснаас илүү удаан үргэлжилж болзошгүй гэж үзэж буй юм байна. АНУ 2003 онд Иракт халдан довтлоход тухайн үед НҮБ дахь АНУ-ын байнгын төлөөлөгчийн орлогчоор ажиллаж байсан Кеннет Адельман энэ дайныг хурдан, хялбар ялалтаар дуусна гэж итгэж байжээ.
Гэвч уг дайн сунжирч, АНУ-ын армид хүнд дарамт болов. Энэ нь Адельманы улс төрийн үзэл бодлыг ч өөрчилсөн байна. Тэр одоо ч Бүгд найрамдах намын гишүүн хэвээр боловч Трампыг хатуу шүүмжлэгч болжээ. Тэр DW-д өгсөн ярилцлагадаа “Ираны эсрэг дайн ч мөн адил замаар явж магадгүй. Иран үүнд удаан хугацаанд бэлтгэсэн. Энэ дайн Пентагоны төлөвлөснөөс урт хугацаанд үргэлжилж байна. Иракт болсон явдлыг харснаас хойш Пентагоны төлөвлөлтөд би итгэхээ больсон” гэжээ.
Удаан үргэлжлэх дайн нь АНУ-ын батлан хамгаалах томоохон компаниудад төрийн захиалга нэмэгдэх, хувьцааны үнэ өсөх нөхцөл бүрдүүлэх магадлалтай. Үүний зэрэгцээ Трампын гэр бүл батлан хамгаалах салбарт оруулж буй хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлжээ. Ерөнхийлөгчийн хөвгүүд болох Эрик Трамп болон Дональд Трамп Жуниор нар Хятадын дрон импортлохыг хориглосонтой холбоотой боломжийг ашиглах зорилгоор шинэ дрон үйлдвэрлэлийн компанид хөрөнгө оруулсан байна.
Харин Ираны эсрэг дайн эхэлснээс хойш АНУ-ын зэвсэг үйлдвэрлэгчдийн хувьцааны ханш буурчээ. Dow Jones US Aerospace & Defense Index эхэндээ богино хугацаанд өссөн ч дараа нь ойролцоогоор 3 хувиар унасан байна.
Эх сурвалж: DW










































































