Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун улс орны цэргийн шинэчлэлийн гол хэсэг хэмээн онцолж буй шинэ байлдааны танкийг танилцуулсан томоохон хэмжээний цэргийн сургуулилалтыг удирдсан талаар төрийн хэвлэл гуравдугаар сарын 20-ны баасан гарагт мэдээллээ.
Тус сургуулилалт пүрэв гарагт Пёньяны 60 дугаар сургалтын баазад болсон бөгөөд хуягт ангиуд танк эсэргүүцэх пуужин харваж, арын дэд ангиуд нь дрон болон нисдэг тэргүүдийг устгах замаар явган цэрэг, танкууд урагшлах нөхцөлийг бүрдүүлсэн гэж Солонгосын Төв Мэдээллийн Агентлаг (KCNA) мэдээлсэн байна.
KCNA агентлагийн мэдээлснээр, уг шинэ танк нь өндөр маневрлах чадвар, хүчирхэг галын систем, хамгаалалтын дэвшилтэт технологитой бөгөөд пуужин болон дроноос хамгаалах боломжтой аж.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун болон түүний охин Ким Жү Э нар Пёньяны 60 дугаар сургалтын баазад айлчлах үеэрээ явган цэрэг болон танкны анги нэгжүүдийн тактикийн сургуулилалтыг ажигласан байна.

Тус агентлаг “Газар доргион довтлон давшиж буй танкуудыг ихэд баясан ажигласан Ким сүр хүчтэйгээр урагшилж буй танкуудын энэ дүр зураг нь манай армийн төрөлхийн зориг, шийдэмгий чанарыг илэрхийлж байна” хэмээн мэдээлжээ.

Тэрбээр “Бид танк үйлдвэрлэлийн салбарыг шинэчлэх чиглэлд ихээхэн амжилт, ахиц дэвшилд хүрсэн” хэмээн хэлснийг KCNA иш татан уламжилсан байна. Ким “Энэ танк шиг ийм хүчтэй өөрийгөө хамгаалах чадвартай хуягт зэвсэг дэлхийд байхгүй гэдэгт би итгэлтэй байна” гэж нэмж хэлжээ.
Энэхүү сургуулилалт нь сүүлийн үед Хойд Солонгос пуужингийн туршилтууд явуулж, мөн Өмнөд Солонгос болон АНУ-ын хамтарсан хаврын цэргийн сургуулилт дөнгөж өндөрлөсний дараах бүс нутгийн хурцадмал байдал нэмэгдсэн цаг үед болов.
Эх сурвалж: CNA










































































