Германы канцлер Фридрих Мерц “Украинд энх тайван тогтоох хэлэлцээнд Европын орнууд зайлшгүй оролцох ёстой” гэж үзэж байна. Тэрбээр гуравдугаар сарын 18-нд Бундестагт үг хэлэхдээ “Украиныг оролцуулахгүйгээр, мөн Европыг алгасаж, зөвхөн Орос ба АНУ-ын хооронд хэлэлцээ хийх нь огт хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж мэдэгджээ.
Мерц АНУ болон Европын холбоотнууд хамтран Москвад үзүүлэх дарамтыг нэмэгдүүлэхийг уриалсан байна. Европын холбооны дээд хэмжээний уулзалтын өмнө хийсэн засгийн газрын мэдэгдэлдээ тэр дараах зүйлсийг онцолжээ. Үүнд:
-ОХУ-ын эсрэг 20 дахь багц хориг арга хэмжээг яаралтай батлах
-Украинд олгохоор тохирсон 90 тэрбум еврогийн зээлийг саадгүй хэрэгжүүлэх багтсан байна.
Тэрбээр “Бид нэг ч улсын шахалтад буулт хийж болохгүй” хэмээн хэлжээ. Энэ нь Унгарын эсэргүүцэл аж.
“Орос санкцын дарамтад орж байна”
Мерцийн хэлснээр, Германд байгаа мэдээллээр Оросын эдийн засаг дайны улмаас, мөн хориг арга хэмжээнээс болж ноцтой хохирол амсаж байгаа аж. Иймээс тэр энэ нь Европ болон АНУ цаашид дарамт шахалтаа үргэлжлүүлэх гол “хөшүүрэг” гэж үзэж ббуй юм байна.
Түүнчлэн тэрбээр “Хэрэв Украинд тогтвортой энх тайван тогтоох боломж гарвал АНУ Европоос тодорхой хувь нэмэр хүлээх нь зүй ёсны хэрэг. Гэхдээ Европчууд эхнээс нь хэлэлцээний ширээнд сууж байж л ийм үүрэг хүлээнэ” гэж онцолжээ. Үүнд Украинд өгөх аюулгүй байдлын баталгааны асуудал ч багтсан байна.
Украины асуудал — бүс нутгийн аюулгүй байдлын асуудал
Мерцийн үзэж буйгаар, Украинд шударга энх тайван тогтоох нь зөвхөн нэг улсын асуудал биш, харин Европ ба Атлантын бүсийн аюулгүй байдал, эрх чөлөө, энх тайвны асуудал аж.
Тэрбээр мөн “Украин хэдийнэ энхийн хэлэлцээнд бэлэн болсон, харин Орос энхийн оролдлогыг системтэйгээр саатуулж байна” гэж мэдэгдэж, энгийн иргэдэд чиглэсэн дайралтуудыг шүүмжилжээ.
ЕХ-ны уулзалтад Зеленский оролцоно
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Брюссельд болох Европын холбооны дээд хэмжээний уулзалтад оролцох аж. Тэрбээр гуравдугаар сарын 18-нд Мадрид хотод Испанийн Ерөнхий сайд Педро Санчестэй уулзаж, батлан хамгаалах салбар, агаарын довтолгооноос хамгаалах (ПВО) чиглэлээр шинэ гэрээнүүд байгуулсан байна.
Санчес уулзалтын дараа “АНУ ба Израиль Ираны мөргөлдөөнөөс болж Европ Украин асуудлыг мартаж болохгүй” гэж анхааруулаад,
“Бид Украины ард түмнийг өмнөх шигээ тууштай дэмжсээр байх болно” гэж амалжээ.
Гэхдээ Reuters агентлагийн мэдээлснээр, шинжээчид Испанийн Украинд үзүүлж буй цэргийн тусламжийг харьцангуй бага гэж үнэлж байгаа аж.
Эх сурвалж: DW











































































