Авлигатай тэмцэх газраас ДЦС-IV ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Тавинбэхийг Эрчим хүчний яаманд ТНБД-аар ажиллаж байсан нэр бүхий хоёр албан тушаалтны хамт 48 цагийн хойшлуулшгүй ажиллагаагаар саатуулаад буй.
Тэднийг 15 ДЦС барих хөрөнгө буюу эрчим хүчний хөнгөлөлттэй зээлийн төслийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль бусаар хувьдаа завшиж, хөрөнгөжсөн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж эхэлжээ.
Энэ асуудал нь түүний Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байх үетэй холбогдож байгаа аж.
Н.Тавинбэх нь 2022 оноос 2025 оны сүүл хүртэл Эрчим хүчний яамны ТНБД-ын албан тушаал хашиж байсан бөгөөд 2025 онд “Дулааны III цахилгаан станц” ТӨХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгчөөр, дараа нь “ДЦС-IV” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон билээ.
Асуудлын гол сэдэв: “Багануур энерги” компани
Тэрбээр 35 жил эрчим хүчний салбарт ажиллахдаа салбарынхаа сайн мэргэжилтэн гэж үнэлэгддэг байв. Гэвч түүнийг “Багануур энерги” компанийн “нууц ноёнтон” гэх мэдээлэл бий. Тус компанийн Ерөнхий инженерээр түүний эхнэр С.Мөнхжаргал, Ерөнхий нягтлан бодогчоор төрсөн дүү Н.Намуунбэх ажиллаж ирсэн бөгөөд тендерээр олон төсөл гүйцэтгэж байжээ. Тухайлбал:
- Багануур дүүрэг дэх цахилгаан хангамжийн тендерт 513 сая төгрөг
- Төв аймгийн Мөнгөнморьт суманд эрчим хүчний дэд станцын тендерт 74 сая
- Баянголын гэр хорооллын айл өрхийг цахилгаанаар халаах тендерт 6.7 тэрбум төгрөг
- Дорноговь, Хэнтий, Чингэлтэй зэрэг бүс нутагт цахилгаан дамжуулах шугам татах болон гэрэлтүүлгийн тендерт оролцож байжээ.
Төсөл бүрт Н.Тавинбэх албан тушаалаа ашиглан, гэрээний хугацааг сунгасан гэх хардлага байгаа аж.
Хөрөнгө орлого, өмч хөрөнгө
Тэрбээр АТГ-т гаргасан хөрөнгө орлогын мэдүүлэгтээ:
- 2020 онд хувийн орлого 111 сая, гэр бүлийн орлого 98 сая төгрөг
- 2023 онд хувийн орлого 38 сая, гэр бүлийн орлого 50 сая төгрөг
- Мал: 2020 онд 533 адуу, 139 үхэр, 1580 хонь, 220 ямаа; 2023 онд 610 адуу, 480 үхэр, 1600 хонь, 300 ямаа
- Орон сууц, газар, хадгаламж, хувьцаа зэрэг хөрөнгөтэй гэж мэдүүлжээ.
Холбогдох албан тушаалтнууд
Шалгалтын хүрээнд Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтох, Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч Б.Товуудорж нарыг саатуулсан ажээ. Тэд Н.Тавинбэхтэй холбоотой асуудлуудтай холбогдож буй талаар эх сурвалжууд мэдээлэв.
Эрчим хучний салбарт өрнөж буй энэхүү хэргээс болж Б.Чойжилсүрэн сайдыг суудлаас нь мултлах яриа Төрийн ордноор хөвөрч байна.












































































