Монгол Улсыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан талаар тус улсын Элчин сайдын яамнаас мэдэгдлээ. Энэ дагуу АНУ-ын B1/B2 ангиллын визийн бүх шаардлагыг хангаж буй Монгол Улсын иргэд виз олгогдохоос өмнө 15 мянган ам.доллар хүртэлх буюу 54 сая төгрөгийн барьцаа (визийн бонд) байршуулах шаардлагатай болж байгаа аж.
Визийн ярилцлагын үеэр консул тухайн виз мэдүүлэгч шаардлага хангаж байгаа эсэхийг мэдэгдэж, барьцааг хэрхэн байршуулах талаар зааварчилгаа өгөх юм байна.
Виз мэдүүлэгчид гуравдагч этгээдийн цахим хуудас ашиглан барьцаа байршуулахгүй байх, консулаас албан ёсны заавар авалгүйгээр ямар нэгэн төлбөр хийхгүй байхыг анхааруулжээ.
Барьцааг бүрэн байршуулах хүртэл Монгол Улсын иргэдэд B1/B2 ангиллын виз олгох боломжгүй. Энэ шаардлага нь визийг хаанаас мэдүүлж байгаагаас үл хамааран хүчин төгөлдөр үйлчлэх юм байна.
Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://mn.usembassy.gov/mn/visas-mn/ цахим сайтаас авах боломжтой ажээ.










































































