Хойд Солонгос (БНАСАУ) ОХУ-д 7.67-14.4 тэрбум ам.долларын үнэ бүхий зэвсэг нийлүүлж, мөн цэрэг илгээсэн талаар гуравдугаар сарын 18-нд Bloomberg агентлаг мэдээлжээ. Энэ мэдээллийг Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын стратегийн хүрээлэнгийн шинэ тайланд үндэслэсэн уламжилсан байна.
Энэхүү тооцоолол нь 2023 оны наймдугаар сараас 2025 оны арванхоёрдугаар сар хүртэлх хугацааг хамарчээ. Үнэлгээний зөрүү их байгаа нь нийлүүлсэн зэвсэг, сум хэрэгслийн хэмжээ, бүрэлдэхүүний талаарх мэдээлэл хязгаарлагдмал байгаатай холбоотой гэж тайлбарласан байна.
ОХУ төлбөрөө хэрхэн хийж байна вэ?
ОХУ ихэвчлэн Хойд Солонгост цэргийн технологи болон өндөр нарийвчлалтай эд анги нийлүүлэх замаар “төлбөр”-өө төлж буй нь нийт нөхөн төлбөрийн 80-96 хувийг эзэлж буй аж. Ийм төрлийн нийлүүлэлт нь хиймэл дагуулаас илрүүлэхэд хэцүү байдаг байна.
Энэ удаагийн үнэлгээ өмнөх судалгаанаас бага байгаа бөгөөд өмнө нь Солонгосын Батлан хамгаалахын шинжилгээний хүрээлэн БНАСАУ Украин дахь дайнд оролцсоноор 20 тэрбум ам.долларын орлого олсон гэж тооцоолж байжээ.
Хоёр улсын цэргийн хамтын ажиллагааны үндэс
ОХУ болон БНАСАУ-ын цэргийн хамтын ажиллагааны суурь нь 2024 онд байгуулсан гэрээ аж. Энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хойд Солонгост 24 жилийн дараа анх удаа айлчилж, Ким Жон Унтай уулзсан.
Стратегийн түншлэлийн энэхүү гэрээгээр аль нэг талд зэвсэгт халдлага гарвал нөгөө тал нь “боломжит бүх арга хэрэгслээр” цэргийн тусламж үзүүлэх үүрэг хүлээжээ. Хойд Солонгос цэрэг илгээх болсон албан ёсны шалтгаан нь Украины зэвсэгт хүчин Курск мужид нэвтэрсэн явдал гэж тайлбарласан байна.
Дайн БНАСАУ-ын эдийн засгийг өсгөжээ
Хойд Солонгосын 1500 тусгай хүчний эхний бүлэг 2024 оны аравдугаар сарын 8-наас 13-ны хооронд ОХУ-ын Владивосток хотод хүрэлцэн иржээ. Тэднийг ОХУ-ын Номхон далайн флотын дөрвөн десантын хөлөг онгоц болон гурван фрегатаар тээвэрлэсэн байна.
Тайлангийн зохиогч Лим Су Хогийн үзэж буйгаар, анхны зэвсгийн нийлүүлэлт 2023 оны наймдугаар сараас эхэлсэн бөгөөд дараагийн сараас нь улам нэмэгдсэн байна.
Дайнд оролцсоноор БНАСАУ-ын эдийн засгийн өсөлт хурдассан байна. Өмнөд Солонгосын Төв банкны мэдээлснээр, 2024 онд тус улсын ДНБ 3.7 хувиар өссөн нь 2016 оноос хойших хамгийн өндөр өсөлт аж.
Мөн 2024 онд БНАСАУ-ын нийт орлого 44.4 их наяд вон буюу Өмнөд Солонгосын нийт орлоготой харьцуулахад ердөө 17 хувь буюу бараг 60 дахин бага гэсэн үг юм байна.
Эх сурвалж: DW











































































