Сүүлийн жилүүдэд Монгол Улсад мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой нөхцөл байдал ноцтой түвшинд хүрч, нийгмийн анхаарлын төвд ороод байна. Албан ёсны тоон мэдээллээс харахад 2017-2025 оны хооронд нийт 2100 гэмт хэрэг бүртгэгдэж, 2422 хүн холбогдсон нь энэ төрлийн зөрчил, гэмт хэрэг тасралтгүй өссөнийг илтгэнэ.
Үүнээс хамгийн анхаарал татахуйц нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогсдын дийлэнх буюу 50.4 хувийг 18-25 насныхан, 35.8 хувийг 26-35 насныхан эзэлж байгаа явдал юм. Өөрөөр хэлбэл, мансууруулах бодисын асуудал Монголын залуу үеийг хамгийн ихээр хамарч байна.
Зөвхөн гэмт хэрэг гэлтгүй зөрчлийн тоо ч мөн адил өндөр байна. 2017-2025 онд 2018 зөрчил бүртгэгдэж, 1976 хүн холбогдсоны 50.6 хувь нь мөн 18-25 насныхан байгаа нь энэ асуудал залуусын дунд гүнзгийрч буйг баталж байна.
Хамгийн түгшүүртэй нь, 2025 онд өмнөх онтой харьцуулахад гэмт хэрэг 20 гаруй хувиар, зөрчил 26.6 хувиар өссөн үзүүлэлттэй. Энэ нь зөвхөн тоон өсөлт биш, харин бодит эрсдэл нэмэгдэж буй дохио юм.
Сүүлийн үед дэлхий нийтэд ажиглагдаж буй нэгэн ноцтой хандлага Монголд ч мөн илэрч эхэлжээ. Энэ бол химийн гаралтай шинэ төрлийн мансууруулах бодисын тархалт юм.
Урьд өмнө гадаадаас орж ирдэг байсан бол одоо цахим орчин, нээлттэй эх сурвалжаас мэдээлэл авч, дотооддоо хууль бусаар үйлдвэрлэх оролдлого нэмэгдэж байгаа аж. Ингэснээр Монгол Улс зөвхөн хэрэглэгч орон биш, цаашид үйлдвэрлэгч орон болох эрсдэл бодитоор үүсчээ.
Олон улсын туршлагаас харахад, мансууруулах бодисын зах зээл маш хурдан хувьсаж, шинэ бодисууд тасралтгүй гарч ирдэг онцлогтой. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны мэдээллээр (UNODC) жил бүр “шинэ сэтгэцэд нөлөөт бодис” (NPS) нэртэй хэдэн зуун төрлийн бодис дэлхий даяар бүртгэгдэж буй аж. Эдгээр бодис нь хуучин хуулиар зохицуулагдаагүй байх нь элбэг тул хууль эрх зүйн орчныг шинэчлэх шаардлага улам бүр нэмэгдэж байгаа юм.
Харамсалтай нь, Монгол Улсад мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хууль ёсны эргэлтийг тодорхой, нарийн зохицуулсан эрх зүйн орчин хангалтгүй хэвээр байна.
Ялангуяа хэн, хаана, ямар зорилгоор ийм төрлийн бодис ашиглах, импортлох, хадгалах зэрэг асуудал тодорхой бус байгаа нь хяналтын сул талыг бий болгожээ. Үүний улмаас хууль бус эргэлт нэмэгдэх, хяналтаас гадуур бодис тархах эрсдэл үүсч буйг салбарын мэргэжилтнүүд онцолж буй.
Ийм нөхцөлд эрх зүйн шинэчлэл зайлшгүй шаардлагатай болж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өчигдөр УИХ-ын дарга Н.Учралд Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлсэн.
Шинэчилсэн хуулийн төсөлд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтийг зөвхөн зөвшөөрөл, бүртгэлд тулгуурлан төрийн хатуу хяналт дор явуулах, бодисын ангилал, жагсаалтыг тогтмол шинэчлэх, шинэ төрлийн бодисыг шуурхай бүртгэх зэрэг чухал зохицуулалтууд тусгагдаж байгаа нь цаг үеийн шаардлагад нийцсэн алхам юм.
Эцэст нь хэлэхэд, энэ бол зөвхөн хууль, хяналтын асуудал биш. Энэ бол ирээдүй болсон залуу үеийн эрүүл мэнд, аюулгүй байдалтай шууд холбоотой нийгмийн ноцтой асуудал юм. Тиймээс зөвхөн төрийн байгууллага бус эцэг эх, сургууль, олон нийт хамтдаа анхаарч, урьдчилан сэргийлэх, зөв мэдээлэл түгээх, эрсдэлийг бууруулахад нэгдсэн байр суурьтай ажиллах шаардлага улам бүр нэмэгдэж байна.










































































