Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн дэргэдэх Эдийн засаг, банк санхүүгийн бодлогын хорооны гишүүн, Шадар сайдын зөвлөх Х.Алтайн “Төрийн өмчит компаниудын шинэчлэл” сэдэвт нийтлэлийг хүргэж байна.
Жү Рүнжи гэдэг эрхэм 1998–2003 онд БНХАУ-ын Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа хэрэгжүүлсэн хамгийн үр дүнтэй реформуудын нэг нь төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн шинэчлэл байв.
Тэрээр төрийн өмчит томоохон компаниудыг үе шаттайгаар бирж дээр гарган, хувьцаат компани болгох бодлогыг зоригтой хэрэгжүүлсэн нь Хятадын эдийн засгийн бүтцийг шинэ шатанд гаргасан стратегийн шийдвэр болсон. ТӨК-уудыг олон нийтэд нээлттэй болгосноор компанийн засаглал сайжирч, үйл ажиллагаа ил тод, хяналттай болж, дотоод болон гадаадын хөрөнгө оруулалтыг татах боломж эрс нэмэгдсэн гэж үздэг.
Энэ шинэчлэлийн үр дүнд тухайн үед Хонконг, Шанхай, Лондонгийн биржүүдэд хувьцаагаа гаргасан PetroChina, Air China зэрэг компаниуд өнөөдөр дэлхийн хэмжээний томоохон корпорацууд болон хөгжсөн нь бодит жишээ юм. Ийм туршлага зөвхөн Хятадаар хязгаарлагдахгүй. Канадын Үндэсний төмөр зам, Европын эрчим хүч, тээврийн салбарын төрийн өмчит компаниуд ч хувьцаат компани болж, биржээр дамжуулан хөрөнгө татаж, засаглалын шинэ шатанд гарсан амжилттай кейсүүд олон улсын хэмжээнд түгээмэл бий.
Монгол Улсын хувьд төрийн өмчийн эзлэх хувь эдийн засагт өндөр хэвээр байгаа бөгөөд төрийн өмчит томоохон компаниудын засаглал, үр ашиг, ил тод байдалтай холбоотой асуудлууд олон нийтийн анхаарлын төвд байсаар байна. Энэ нөхцөлд төрийн өмчит компаниудыг үе шаттайгаар нээлттэй хувьцаат компани болгон, тодорхой хувийг олон нийтэд санал болгож, дотоод болон олон улсын хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах нь бодлогын хувьд оновчтой гарц юм. Төр стратегийн ач холбогдолтой хувьцаагаа хадгалж үлдэхийн зэрэгцээ компанийн засаглал, ил тод байдлыг сайжруулж, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх замаар эдгээр компаниудын үнэ цэнийг өсгөх боломжтой.
Ерөнхий сайд саяхан Улсын их хурлын чуулганы үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй ХК болгоно гэж мэдэгдсэн нь цаг үеэ олсон, стратегийн хувьд зөв санаачилга гэж үзэж байна. Энэ нь зөвхөн нэг компанийн бүтцийн өөрчлөлт бус, төрийн өмчит компаниудын засаглалын тогтолцоог шинэ шатанд гаргах томоохон реформын эхлэл болох боломжтой.
Үүнтэй адил Эрдэнэт, МИАТ, эрчим хүчний түгээх сүлжээ зэрэг үндэсний хэмжээний компаниудын тодорхой хувийг төр эзэмшиж үлдээн, үлдсэн хувийг нь олон нийтэд нээлттэй болгож, дотоод болон гадаадын хөрөнгийн биржүүд дээр гаргах бүрэн боломж бий. Мөн Компанийн тухай хуульд заасан “алтан хувьцаа”-ны механизмыг ашиглан төр Төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлагын шийдвэрүүдэд тодорхой хүрээнд хориг тавих эрхээ хадгалж, 100 хувь олон нийтийн өмчит компани ч болгож болно. Ингэснээр компани 100 хувь хувьцаат компанийн хэлбэрт шилжсэн ч төр бодлогын түвшний нөлөөллөө алдахгүй байх боломжтой.
Тухайлбал, “Эрдэнэт” ТӨҮГ нь нөөц, орлого, зах зээлийн байр суурийн хувьд дэлхийн томоохон биржүүд дээр хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах бүрэн чадамжтай, үнэлгээ өндөр авах потенциалтай компани.
Аливаа улсын хувьд хөрөнгийн зах зээл нь гадаадын хөрөнгө оруулалтын урсгалыг тасралтгүй, тогтвортой хангах стратегийн чухал талбар болдгийн хувьд үндэсний хэмжээний компаниудыг хөрөнгийн зах зээлээр дамжуулан нээлттэй компани болгох нь гадаадын хөрөнгө оруулалтыг татах хөшүүрэг болж, улмаар хөрөнгийн зах зээлийн хэмжээ тэлж, арилжаа идэвхжиж, улмаар Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хөгжилд шинэ хуудас нээх боломжтой юм.
Намайг Монголын хөрөнгийн биржийг удирдаж байх үед МХБ өөрийн 34 хувийг олон нийтэд санал болгон, бирж дээрээ гаргасан нь төрийн өмчит байгууллагыг нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт амжилттай шилжүүлж болдгийг харуулсан бодит жишээ болсон. Өнөөдөр МХБ 10 мянга гаруй хувьцаа эзэмшигчтэй болж, хувьцааны үнэ нь анх гарснаасаа даруй гурав дахин өссөн байна. Энэ туршлага нь эхлэлийг нь зөв тавьж чадвал төрийн өмчит компаниудын шинэчлэлийг бодитоор хэрэгжүүлэх бүрэн боломжтойг харуулж байгаа юм.
Ийм реформыг зоригтой эхлүүлж, тууштай хэрэгжүүлж чадсан Засгийн газар, Ерөнхий сайд түүхэнд үлдэх нь дамжиггүй. Учир нь төрийн өмчит компаниудын өнөөгийн засаглалын тогтолцоог буюу эх ундаргыг нь өөрчлөхгүйгээр нийгэмд бухимдал үүсгээд байгаа үр ашиггүй байдал, ил тод бус байдал, хариуцлагын асуудлууд үндсээрээ шийдэгдэхгүй. Харин тэдгээрийг нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлж, олон нийтийн болон зах зээлийн хяналтад оруулах нь тогтолцооны өөрчлөлтийг авчирна.
Нөгөө талаас, энэ бол зөвхөн засаглалын реформ биш юм. Иргэд үндэсний томоохон компаниудын хувьцааг эзэмшиж, эдийн засгийн өсөлт, ашигт ажиллагаанаас өгөөж хүртэх боломжтой болж, дундаж давхарга тэлэх суурь бүрдэнэ. Ийм зоримог шинэчлэл нь зөвхөн өнөөдрийн асуудлыг шийдэхээс гадна ирээдүйн тогтвортой өсөлтийн суурийг тавих шийдвэр байх болно.










































































