АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Оросын Ерөнхийлөгч Владимир Путин зөвхөн АНУ-ын хүчнээс л айдаг, Европоос огтхон ч айхгүй” гэж үзэж байгаа аж.
Тэрбээр хоёрдугаар сарын 16-нд НАТО-гийн холбоотнуудын дунд гарсан санал зөрөлдөөн, Иран Ормузын хоолойг хаасантай холбоотой асуудлын талаар сэтгүүлчийн асуултад хариулахдаа “НАТО гэдэг бол бид. Путиныг асуу. Путин биднээс айдаг. Тэр Европоос айхгүй, огтхон ч айхгүй. Харин АНУ болон миний анхны бүрэн эрхийн хугацаандаа байгуулсан армиас л айдаг” гэжээ.
НАТО ба Ормузын хоолой
Өмнө нь Трамп Британий Financial Times сонинд ярилцлага өгөхдөө “Хэрэв НАТО-гийн холбоотнууд Ормузын хоолойг хамгаалахыг дэмжихгүй бол НАТО-гийн ирээдүй эрсдэлд орж магадгүй” гэж тэмдэглэжээ.
Тэрбээр Британи, Франц, мөн Хятад, Япон, Өмнөд Солонгосыг АНУ-ын хүчин чармайлтад нэгдэхийг уриалсан байна. Учир нь, Ормузын хоолойгоор дэлхийн нефтийн бараг тавны нэг нь дамждаг.
Гэвч Европын олон улс, тэр дундаа Герман, АНУ-ын хүсэлтээр цэргийн флотоо илгээхгүйгээ мэдэгдсэн. Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториус “Энэ бол бидний дайн биш. Бид эхлүүлээгүй” гэжээ.
АНУ-ын төлөвлөгөө: Францтай хамтарсан ажиллагаа
Европын удирдагчдын “хүйтэн” хандлагатай зэрэгцэн АНУ Олон улсын эвсэл байгуулж, худалдааны хөлөг онгоц, нефтийн тээвэрлэгчдийг Ормузын хоолойгоор зорчиход хамгаалах зорилттой байна гэж The Wall Street Journal мэдээлсэн.
Трампын үзэж буйгаар, Франц энэ ажиллагаанд оролцож болох бөгөөд Европын бусад хэдэн улс ч оролцохыг хүсэж байгаа аж. Гэхдээ яг ямар улсууд болохыг нэрлэхээс татгалзжээ.
Брюссельд гуравдугаар сарын 16-нд болсон Европын холбооны Гадаад хэргийн сайд нарын дээд хэмжээний уулзалтад Европын дипломат бодлогын тэргүүн Каяа Каллас “Одоогийн байдлаар тэнгисийн Aspides ажиллагааг Персийн буланд өргөжүүлэхийг олон улс дэмжихгүй байна. Одоо энэ ажиллагааны хүрээнд Хар тэнгис дэх худалдааны хөлөг онгоцыг хамгаалж байна” гэж хэлжээ.
Ормузын хоолойг Иран хаасан нь
АНУ болон Израиль хоёрдугаар сарын 28-нд Ираны эсрэг цохилт өгснөөс хойш Тегеран Ормузын хоолойг хааж, “бүрэн хяналтдаа авсан” гэж мэдэгдсэн. Энэ нь эрчим хүчний үнэ нэмэгдэхэд хүргэж, АНУ түр хугацаагаар ОХУ-д тавьсан хоригийг сулруулсан.
Вашингтон Тегераныг тус хоолойг “тэсрэх бөмбөгөөр хордуулсан” хэмээн буруутгаж, Европын холбооны зарим улс орнууд өөрийн хөлөг онгоцуудыг аюулгүй дамжуулах баталгааг Ираны эрх баригчидтай хэлэлцэж байна гэж Financial Times мэдээлжээ.
Эх сурвалж: DW










































































