АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп НАТО-гийн холбоотнуудаа Ирантай хийж буй дайнд туслахгүй гэсэн шийдвэр гаргасныг шүүмжилжээ.
Тэрбээр гуравдугаар сарын 17-нд Цагаан ордны Зууван танхимд сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “АНУ-ын ихэнх НАТО-гийн холбоотнууд Ираны эсрэг явуулах цэргийн ажиллагаанд оролцох хүсэлгүй гэдгээ Вашингтонд мэдэгдсэн” гэж хэлсэн байна.
Трамп холбоотнуудын энэ байр суурийг “нэлээд цочирдмоор” гэж нэрлэжээ. Тэрбээр “Миний бодлоор НАТО маш тэнэг алдаа хийж байна. Бүгд бидэнтэй санал нийлдэг ч туслахыг хүсэхгүй байна” гэж хэлсэн байна.
Трамп АНУ-д НАТО-гийн тусламж “хэрэггүй” гэж мэдэгдэв
Трамп өчигдөр өөрийн Truth Social нийгмийн сүлжээндээ холбоотнуудынхаа ийм үйлдэлд гайхаагүйгээ бичжээ. Учир нь, тэр НАТО-г үргэлж “нэг талдаа ашигтай зам” гэж үздэг байсан гэж тайлбарласан байна.
Түүний хэлснээр НАТО-гийн орнууд АНУ-ын төлөө бараг юу ч хийдэггүй, ялангуяа хамгийн хэрэгтэй үед. Гэтэл АНУ тэднийг хамгаалахад жил бүр хэдэн зуун тэрбум доллар зарцуулдаг гэж онцолжээ.
Трамп хэлэхдээ “Манай цэргийн амжилтыг харгалзан үзвэл бидэнд НАТО-гийн орнуудын тусламж цаашид хэрэггүй. Үнэндээ бидэнд хэзээ ч хэрэггүй байсан. Энэ нь Япон, Австрали, Өмнөд Солонгос зэрэг орнуудад ч адил. Дэлхийн хамгийн хүчирхэг улс болох АНУ-д хэний ч тусламж хэрэггүй” гэжээ.
АНУ-ын холбоотнууд Ормузын хоолойг хамгаалахаас татгалзав
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Трамп Их Британи, Франц, Хятад, Япон, Өмнөд Солонгос зэрэг орнуудыг Ормузын хоолойг нээж, хамгаалахад туслахыг уриалсан. Тэрбээр эдгээр орнуудыг Ойрхи Дорнод руу цэргийн хөлөг онгоц илгээхийг хүссэн байна.
Трамп гуравдугаар сарын 15-нд Financial Times сонинд ярилцлага өгөхдөө “Хэрэв хариу өгөхгүй, эсвэл татгалзвал энэ нь НАТО-гийн ирээдүйд маш муу нөлөө үзүүлнэ” гэж анхааруулжээ.
Гэвч маргааш нь Трампын хүсэлт тавьсан ихэнх улс Ормузын хоолойг хамгаалахаар флот илгээх төлөвлөгөөгүйгээ мэдэгдсэн байна. Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториус гуравдугаар сарын 16-нд “Энэ бол бидний дайн биш. Бид энэ дайныг эхлүүлээгүй” гэж хэлжээ.
Мөн Германы канцлер Фридрих Мерц энэ ажиллагаанд оролцох мандат байхгүй гэж мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, энэ асуудалд НҮБ, Европын холбоо, эсвэл НАТО-гийн зөвшөөрөл байхгүй аж.
“Хэн ч дайнд татагдахыг хүсэхгүй байна”
Брюссель хотод болсон Европын холбооны Гадаад хэргийн сайд нарын уулзалтын дараа Европын дипломат бодлогын тэргүүн Кая Каллас “Хэн ч энэ дайнд идэвхтэй татагдан оролцохыг хүсэхгүй байна. Мөн энэ дайн юунд хүргэж болох талаар бүгд санаа зовж байна” гэж хэлжээ.
Тэрбээр мөн Европын холбооны тэнгисийн Operation Aspides ажиллагааны мандатыг Персийн булан хүртэл өргөжүүлэхийг олон улс дэмжээгүй талаар мэдэгдсэн байна. Одоогийн байдлаар энэ ажиллагаагаар Улаан тэнгис дэх худалдааны хөлөг онгоцуудыг хамгаалж байгаа аж.
Франц улс цэргийн ажиллагаанд оролцохгүй
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон гуравдугаар сарын 17-нд “Франц улс АНУ болон Израилийн эхлүүлсэн Ираны эсрэг дайныг сонгоогүй. Тиймээс Ормузын хоолойг хамгаалах ажиллагаанд оролцохгүй” гэж мэдэгджээ. Түүний хэлснээр, энэ асуудлыг цэргийн хүчээр бус, дипломат замаар шийдвэрлэх ёстой аж.
Эх сурвалж: DW










































































