Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар МҮОНРТ-ээр олон нийттэй шууд ярилцаж, иргэдийн сонирхсон асуултад хариулсан. Уг ярилцлагын хүрээнд өнгөрсөн мягмар гаргаас эхлэн И-Монголиа систем, 11-11 төв, МҮОНРТ-ийн цахим хуудас болон утсаар дамжуулан иргэдийн саналыг авч, нийт 9000 гаруй асуулт, санал ирсэн байна.
Боловсролын салбарт томоохон реформ хийнэ
Ерөнхий сайд боловсролын салбарт 2026 онд хоёр том реформ эхлүүлснээ онцоллоо. Нэгдүгээрт, салбарын төсвийг хоёр дахин нэмэгдүүлж, үүнийг дагаад багш нарын цалинг 30-79 хувиар нэмэх шийдвэр гаргасан байна. Ингэснээр бага ангийн багшийн дундаж цалин 1.48 сая төгрөгөөс 2.284 сая төгрөг болж өсжээ.
Хоёрдугаарт, “Суралцахуйн хувьсгал”-ыг хэрэгжүүлж, заах төвтэй тогтолцооноос суралцах төвтэй системд шилжинэ. Энэ хүрээнд хиймэл оюун ухааныг багшийн туслах хэлбэрээр ашиглаж, технологид суурилсан цахим танхимууд байгуулна. Мөн 2030 он хүртэл боловсролын ачааллыг бууруулах бодлого баримтална.
Монгол Улсад өнөөдөр 1.351 сая хүүхэд байгаа бөгөөд хүүхдийн тоо өсөж буйтай холбогдуулан 2030 он хүртэл 108 сургууль, 95 цэцэрлэг шинээр барих шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Үүнээс 2026 онд 23 сургууль, 9 цэцэрлэг барих санхүүжилтийг шийдвэрлэсэн байна.
Тэтгэврийн бодлого макро эдийн засагт тулгуурлана
Тэтгэврийг 50 хувиар нэмэхэд 2 их наяд төгрөг шаардлагатай бөгөөд Засгийн газар зардлаа 2.2 их наяд төгрөгөөр танасан гэдгийг Ерөнхий сайд дурдлаа. Үүнд төрийн албан хаагчдын давхардлыг арилгах, орон тоог цомхотгох зэрэг бодит арга хэмжээ багтаж байна.
Одоогоор улсын хэмжээнд 259 мянган ахмад тэтгэврийн зээлтэй байгаа бөгөөд цаашид зээлийн хүүг бууруулах бодлого баримтална. Ирэх 5 жилийн хугацаанд тэтгэврийг 70 хүртэлх хувиар нэмэгдүүлэх зорилт тавьжээ.
Төрийн бүтэц, орон тоог эрс цомхотгож байна
Засгийн газар төрийн албан хаагчдыг 9 хувиар цомхотгоод байгаа бөгөөд чиг үүргийн давхардлыг арилгах ажлыг хиймэл оюун ухаанд суурилан хийж эхэлжээ. Ганцхан яаманд л гэхэд 114 чиг үүрэг давхардаж байгааг илрүүлсэн байна.
Мөн 228 газар, хэлтсийн дарга, 200 гаруй менежер, 100 орчим улс төрийн томилгоотой албан тушаалтныг чөлөөлсөн бөгөөд цаашид дарга, менежерийн түвшний цомхотголыг тууштай үргэлжлүүлэхээ мэдэгдлээ.
Авлига, албан тушаалын хэргүүдийг шалгаж байна
Одоогоор 300 гаруй холбогдогчтой 58 авлига, албан тушаалын хэрэг шалгагдаж, 98 тэрбум төгрөгийн хууль бус хөрөнгийг хурааж, 580 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжилсэн байна.
Нүүрсний 581 нууцалсан гэрээг ил болгож, ард түмний хяналтад оруулсан бөгөөд гааль, татвар, эрчим хүчний салбарт үүссэн авлигын цогц сүлжээг илрүүлэн шалгаж эхэлснийг онцоллоо.
Төрийн өмчит компаниудад ард түмний хяналт тогтооно
Төрийн өмчит компаниудад хулгай, үр ашиггүй байдал газар авсан тул Олон нийтийн хяналтын зөвлөлийн тухай хуулийг боловсруулж, УИХ-д өргөн барихаар бэлтгэж байна. Зарим компанийн 10-34 хувийг IPO хэлбэрээр олон нийтэд санал болгож, ажилтан, иргэдийн хяналтыг бий болгох нь үр ашгийг 1.6 дахин нэмэгдүүлнэ гэж үзэж байна.
Орон сууц, спорт, эрүүл иргэн
Улаанбаатар хотод зорилтот бүлгийн иргэдэд зориулсан 31–70 м.кв талбайтай 12 мянга гаруй орон сууцыг гадаадын хөрөнгө оруулалтаар барьж байгаа аж.
Мөн Засгийн газар нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд онцгой анхаарч, зөвхөн аварга тамирчид бус эрүүл, идэвхтэй иргэнийг төлөвшүүлэх бодлого баримтлах болно гэдгийг Ерөнхий сайд онцлон тэмдэглэлээ.













































































