Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский гуравдугаар сарын 17-нд Их Британийн парламент дээр үг хэлэхдээ “Одоогийн байдлаар Ойрхи Дорнодын орнуудад Украины 201 цэргийн мэргэжилтэн ажиллаж байгаа бөгөөд 34 хүн нэмж байрлуулахад бэлэн байна” гэж мэдэгджээ.
Түүний хэлснээр, эдгээр нь “Shahed” төрлийн дроноос хэрхэн хамгаалах талаар туршлагатай цэргийн мэргэжилтнүүд аж. Орос улс Украинд ийм төрлийн нисгэгчгүй төхөөрөмжөөр байнга довтолдог.
Зеленский “Украины багууд хэдийнэ Арабын нэгдсэн Эмират, Катар, Саудын Араб зэрэг улсад очсон бөгөөд мөн Кувейт рүү явж байна. Мөн бусад орнуудтай ч хамтын ажиллагааны гэрээ байгуулсан” гэж хэлжээ.
Тэрбээр “Бид Иранаас хөрш орнууд руугаа чиглэсэн терроризмоо үргэлжлэхийг хүсэхгүй байна” гэж хэлсэн байна. Мөн Зеленский “Эдгээр мэргэжилтнүүдийг илгээх шийдвэрийг Украины түнш орнууд, тэр дундаа АНУ-ын хүсэлтээр гаргасан” гэж тайлбарлажээ.
“Орос ба Ираны дэглэмүүд бол үзэн ядалтын ах дүүс”
Зеленский мөн Ойрхи Дорнодод дайн өрнөж байгаа энэ үед холбоотнууд нь Украины дайныг мартаж болохгүйг анхааруулжээ. Тэрбээр ОХУ болон Ираны хамтын ажиллагааг аюултай гэж үзэж, “Орос болон Ираны дэглэмүүд бол үзэн ядалтаар холбогдсон ах дүүс тул тэд зэвсгийн ах дүүс болсон. Үзэн ядалт дээр байгуулагдсан дэглэмүүд хэзээ ч ялж болохгүй” гэж мэдэгдсэн байна.
Их Британи Украиныг дэмжихээ амлав
Их Британийн ерөнхий сайд Кир Стармер “Ирантай холбоотой нөхцөл байдал Украины дайнаас анхаарал сарниулах ёсгүй” гэж мэдэгдэж, Украинд дэмжлэг үзүүлэхээ амалжээ.
Киев ба Лондон цэргийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцов
Лондонд болсон уулзалтын дараа Украин ба Их Британи аюулгүй байдал, батлан хамгаалахын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тухай тунхаглалд гарын үсэг зурсан байна. Энэхүү баримт бичигт дараах чиглэлүүд багтжээ. Үүнд:
-Батлан хамгаалахын хамтарсан үйлдвэрлэл хөгжүүлэх
-Шинжлэх ухаан, технологийн судалгаа хийх
-Батлан хамгаалахын нийлүүлэлтийн сүлжээг нэгтгэх
-Үйлдвэрлэлийн хамтын түншлэлүүд байгуулах багтжээ.
Их Британийн Засгийн газрын мэдэгдэлд “Украин бол зөвхөн түрэмгийллээс өөрийгөө хамгаалж буй улс биш, харин түнш орнуудын аюулгүй байдалд хувь нэмэр оруулж, Европын хамтын батлан хамгаалалтыг бэхжүүлж буй улс юм” гэж онцолсон байна.
Эх сурвалж: DW










































































