Монгол Улсад бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг баталгаажуулах, үндэсний үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, гадаад худалдааг дэмжих зорилгоор “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээ, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байна.
Өнөөдрийн байдлаар үйлдвэрлэл, үйлчилгээ, эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, барилга, хүрээлэн буй орчин зэрэг олон салбарт нийт 6,730 орчим стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Гэвч стандартын хэрэгжилт хангалтгүй, салбар хоорондын уялдаа, хамтын ажиллагаа сул, мөн тохирлын үнэлгээний байгууллага болон лабораторийн үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт тодорхой бус хэвээр байна. Өөрөөр хэлбэл чанарын дэд бүтцийн тогтолцоо сул хөгжсөн нь бизнесийн орчинд тодорхойгүй байдал, хүндрэл бэрхшээл үүсэх нөхцлийг бүрдүүлж байна.
Стандарт, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний тогтолцоо нь бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сорилт, шинжилгээ, хэмжилтийн шинжлэх ухаанд суурилсан, нотолгоонд үндэслэн баталгаажуулах, хэрэглэгчийн итгэлийг бий болгох, худалдаанд үүсэх техникийн саад тотгорыг бууруулахад чухал үүрэгтэй.
Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дээрх чанарын дэд бүтцийг хөгжүүлэх үндэсний тогтолцоог боловсронгуй болгож, тохирлын үнэлгээний болон баталгаажуулалтын байгууллага, сорилт-шинжилгээний лабораторийн эрх зүйн статус, үйл ажиллагааны зохицуулалтыг тодорхой болгохоор тусгасан.
Ингэхдээ лабораторийн сорилт, шинжилгээний үйл ажиллагааг хараат бус, бие даасан, хөндлөнгийн, ил тод байх зарчимд тулгуурлан хэрэгжүүлэх, шинжлэх ухаанд суурилсан чанарын баталгаажуулалтын тогтолцоог бэхжүүлэх, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тогтолцоог олон улсын нийтлэг жишигт нийцүүлэх, мэдээлийн нэгдсэн сантай байх зохицуулалтыг оруулсан.
Мөн стандарт боловсруулах, хэлэлцүүлэх, батлах үйл явцыг илүү ил тод, нотолгоонд суурилсан болгох, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг баталгаажуулах хяналтын тогтолцоог сайжруулах, стандарт болон тохирлын үнэлгээний үр дүнг олон улсын түвшинд харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч байна.
Хуулийн төсөл боловсруулах явцад нийслэл болон 21 аймагт төрийн байгууллага, аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоод, иргэдийн оролцоотой хэлэлцүүлэг зохион байгуулах, оролцогчийн санал, зөвлөмжийг тусган боловсруулсан.
Хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар стандарт, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний үндэсний тогтолцоо олон улсын нийтлэг жишигт нийцэж, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын баталгаажуулалт сайжрахын зэрэгцээ Монгол Улсын экспорт, гадаад худалдааг дэмжих эрх зүйн орчин бүрдэх юм.










































































