АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордны Зууван танхимд Дэлхийн III дайны талаар ойлгомжгүй мэдэгдэл хийснийхээ дараа дахин шүүмжлэлд өртөв.
Энэхүү хачирхалтай явдал гуравдугаар сарын 16-ны даваа гарагт болсон бөгөөд тэр өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Иран руу довтолсноо хамгаалж тайлбарлах үеэрээ ийм мэдэгдэл хийсэн байна. Түүний энэ алхам нь дэлхийн тогтвортой байдлыг хадгалахад шаардлагатай байсан гэжээ.
Тэрбээр “Хэрвээ бид үүнийг хийгээгүй бол цөмийн дайн гарч, улмаар Дэлхийн III дайн болж хувирах байсан. Тиймээс бид маш зөв зүйл хийсэн” гэж хэлсэн байна.
Удалгүй түүний засаг захиргааны нэг гишүүн ширээн дээр нь B-2 бөмбөгдөгч онгоцны загвар авчирч тавьжээ. B-2 нь АНУ-д үйлдвэрлэсэн, алсын зайд нисэх стратегийн бөмбөгдөгч бөгөөд өндөр түвшний нууцлаг (stealth) технологитой, хүчирхэг агаарын довтолгооны хамгаалалтыг нэвтрэх зорилгоор бүтээгдсэн онгоц аж.
Трамп уг загварыг ширээн дээрээ тавиулах үедээ “Жижигхэн харагдаж байна, гэхдээ бодитоороо бол маш том. Энэ бол 200,000 фунт жинтэй бөмбөг тээвэрлэх чадвартай цорын ганц онгоц. Яаж ийм их зэвсэг тээвэрлэдгийг нь би мэдэхгүй, маш гоёмсог, цэвэрхэн загвартай ч маш олон зэвсэг авч явдаг” хэмээн тайлбарласан байна.
Америкийн Ерөнхийлөгч анх Ирантай холбоотой мөргөлдөөн болон Дэлхийн III дайны талаар ярьж байсан ч удалгүй анхаарал нь онгоцны загвар руу шилжсэн нь олны анхаарлыг татжээ.
Энэ явдал сошиал сүлжээний хэрэглэгчдийн анхаарлаас хол өнгөрсөнгүй. Гурван долоо хоногийн дотор 2000 гаруй хүний аминд хүрсэн мөргөлдөөний талаар ярьж байхдаа тус онгоцны тоглоомон загварыг сонирхон харж буйг нь олон хэрэглэгч шүүмжилсэн байна.
Нэг хэрэглэгч X дээр “Яг л насанд хүрээгүй хүүхэд шиг аашилж байна!” гэж бичжээ. Өөр нэг хүн “Жинхэнэ алиалагч юм” хэмээн сэтгэгдэл үлдээсэн байна.
Даваа гарагт болсон энэ үйл явдал нь Трамп Ираныг ялснаа зарлах бодол одоогоор байхгүйгээ ил тод мэдэгдсэний дараахан болжээ. Тэрбээр Ойрхи Дорнодын бүс нутгийг бүхэлд нь тогтворгүй байдалд оруулаад байгаа цэргийн ажиллагааг үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн байна.
Тэрбээр дайны ажиллагаагаа үргэлжлүүлэхээр шийдэж, АНУ-ын ойрын долоон холбоотноос Ормузын хоолойг хамгаалахын тулд байлдааны хөлөг онгоц илгээхийг шаардсан байна. Энэ хоолой нь дэлхийн эрчим хүч тээвэрлэлтэд хамгийн чухал стратегийн гарцуудын нэг юм.
FactCheck.org-ын мэдээлснээр, 2025 онд өдөрт ойролцоогоор 20 сая баррель түүхий нефть энэ хоолойгоор дамжин өнгөрч байсан ч АНУ-Ираны мөргөлдөөний дараа урсгал нь бараг зогсоход хүрсэн байна.
АНУ Персийн булангийн Катар, Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират зэрэг орнуудаас харьцангуй бага хэмжээний нефть импортолдог. Нийтдээ өдөрт ойролцоогоор 490,000 баррель нефть АНУ-д импортлодог аж. Харин өнгөрсөн жил АНУ-ын түүхий нефтийн импортын 63 орчим хувийг Канад дангаараа бүрдүүлсэн байна.
Мөн Иранд ойрын хугацаанд энх тайван тогтох боломжгүй бололтой. Учир нь, Трамп бямба гарагт АНУ Ираны нефтийн экспортын гол төв болох Харг арлыг “зүгээр л зугаа болгож” дахин бөмбөгдөж магадгүй гэж мэдэгджээ.
Тэрбээр NBC News-д ярилцлага өгөхдөө “Манай улсын довтолж, арал дээрх ихэнх байгууламжийг бүрэн сүйтгэсэн. Гэхдээ бид зүгээр л зугаа болгож дахиад хэд хэдэн удаа цохилт өгч магадгүй” гэж хэлжээ. Мөн тэр ярилцлагадаа Ирантай ямар нэгэн хэлэлцээр хийх боломжийг ч үгүйсгэж, “Одоохондоо санал болгож буй нөхцлүүд хангалттай сайн биш байна” гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: UNILAD










































































