Олон нийтийн сүлжээнд 2026 оны гуравдугаар сарын 9-нд цацагдсан бичлэгт өсвөр насны хүүхдүүд нэгнээ бүлэглэн зодож буй үйлдэл харуулсан нь олон нийтийн анхаарлыг татсан. Үүний улмаас цагдаагийн байгууллага шуурхай мөрдөн шалгах ажиллагаа явуулж, уг хэрэгт төрийн болон хувийн хэвшлийн сургуулийн нийт найман сурагч холбогдсон болохыг албан ёсоор мэдээлжээ.
Өнөөдрийн байдлаар нэр бүхий хүүхдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналтайгаар хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.
Түүнчлэн хэрэгт холбогдсон нэгэн хүүхэд Д.С-г яллагдагчаар татаж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар мэдээлжээ. Үүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг, мөн 13.11 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсгийг үндэслэн шийдвэр гаргасан байна.
Хууль хяналтын байгууллагын мэдээлснээр, өсвөр насныхны дундах үе тэнгийн дээрэлхэлтийн тохиолдол жилээс жилд нэмэгдэх хандлагатай байгааг онцолжээ. Тухайлбал, 2026 оны эхний хоёр сарын байдлаар 150 гаруй хүүхэд дээрэлхэлтийн хохирогч болсон тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь сургуулийн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагыг улам тодотгож байгаа юм.
Төрийн болон хувийн хэвшлийн сургуулиуд хүүхдүүдийг дээрэлхэлтээс хамгаалах, эрсдэлийг бууруулах чиглэлээр идэвхтэй ажиллаж байна. Сургуулийн захиргаанууд сурагчидтай ил болон далд хэлбэрээр уулзалт зохион байгуулж, хүүхэд бүрийг дээрэлхэлтийн, эсвэл хүчирхийллийн хохирогч болсон эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа аж.
Жишээлбэл, Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах 97 дугаар сургууль дээрэлхэлтийг илрүүлэх зорилгоор цахим асуулга зохион байгуулж, сурагчид өөрт тохиолдсон болон бусдад ирж буй дарамт, шахалтын талаар далд хэлбэрээр мэдээлэх боломжтой болгожээ.
Мөн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хүүхэд хамгааллын баг үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийллийн аливаа асуудлыг Хүүхэд хамгааллын тухай хууль, сургуулийн дотоод журам болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх, цаашид эцэг эх, асран хамгаалагч, сургуулийн орчинд оролцогч бүх талтай хамтран ажиллахыг зорьж байгаагаа мэдэгдсэн байна.










































































