Улс төрийн хүрээнд Засгийн газрын зарим гишүүдийг чөлөөлөх, шинээр томилох асуудал хүчтэй яригдаж байна. Боловсрол, шинжлэх ухааны сайд П.Наранбаяр болон Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайд Г.Занданшатарт хүргүүлсэн талаараа мэдээлсэн.
Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны он гармагц цахилгаан эрчим хүч тасалдантай холбоотойгоор нэгдүгээр сарын 28-нд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өгч, энэ хугацаанд “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-д үүссэн асуудлыг шийдвэрлэхгүй бол хариуцлага тооцохоо мэдэгдсэн.
Түүний дараа Эрчим хүчний Сайд, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Зуун хоногийн хугацаанд үүссэн асуудлыг бүрэн шийдэхэд төвөгтэй, ажлаа өгөх ёстой бол өгнө” гэж хэлсэндээ хүрч, огцрох хүсэлтээ Ерөнхий Сайд Г.Занданшатарт өгсөнөө ярьсан.
Боловсролын Сайд П.Наранбаяр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрсөн баасан гаригт гаргасан талаар ХҮН намын зөвлөлөөс мэдээлсэн билээ.
Зарим эх сурвалжийн мэдээлснээр, Х.Ганхуягийг Сангийн сайд, Шадар сайдаар Ж.Бат-Эрдэнийг, Г.Тэмүүлэнг Эрчим хүчний сайдаар томилох санал тавьсан. Г.Занданшатарын Засгийн газар унаж, Н.Учралын засаглал эхлэх нь цаг хугацааны асуудал болсон. Дараагийн УИХ-ын даргад “Эм Си Эс”-ийн Л.Энх-Амгалан, С.Бямбацогт нарын нэр д уулдаж буй сурагтай.
Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөх асуудлыг Ерөнхий сайд санал болгож, Монгол Улсын Их Хуралд танилцуулсны дараа шийдвэрлэдэг журамтай. Албан бус мэдээллээр Ерөнхий сайд уг асуудлыг УИХ-ын чуулганы лхагва гаргийн 14.00 цагийн хуралдаанд танилцуулах төлөвтэй байгаа аж.
Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орох эсэх нь улс төрийн хүрээнд анхаарал татсан сэдэв болоод буй бөгөөд шинэ сайд нарын нэрс ч яригдаж эхэлжээ. Тухайлбал, Боловсрол, шинжлэх ухааны сайдын албан тушаалд өмнө нь энэ салбарыг удирдаж байсан Л.Энх-Амгалангийн нэр дахин яригдаж буй бол Эрчим хүчний сайдын албан тушаалд Б.Найдалааг томилж магадгүй гэсэн таамаг улс төрийн хүрээнд түгээд буй. Хэрэвзээ түүнийг Эрчим хүчний сайдаар томилбол “дордуулсан хувилбар” болно гэж улс төрийн хүрээнийхэн ярьж байна.
Мөн зарим эх сурвалжийн мэдээлснээр Т.Доржхандыг Эрчим хүчний сайдад нэр дэвшиж магадгүй гэсэн яриа ч гарчээ. Гэвч энэ талаар Засгийн газраас албан ёсны мэдээлэл хийгээгүй байгаа юм.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт хэвлэлд өгсөн ярилцлагадаа сайд нарын оронд томилогдох хүмүүсийн нэр одоогоор эцэслэгдээгүй. Засгийн газарт хамтран ажиллаж буй улс төрийн намуудтай зөвшилцөж, шийдвэр гаргана гэж мэдэгдсэн.
Боловсрол болон эрчим хүчний салбар аль аль нь Засгийн газрын бодлогын чухал. Тухайлбал, Засгийн газар 2026 оны төсөвт боловсролын салбарыг дэмжих бодлогыг онцлон тусгаж, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, багшийн хангалтыг сайжруулах зэрэг зорилт дэвшүүлээд байгаа билээ.
Нөгөө талаас эрчим хүчний салбар өсөн нэмэгдэж буй хэрэглээ, дэд бүтцийн шинэчлэл, эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг томоохон асуудлуудтай тулгарч байгаа тул тус салбарын удирдлагын өөрчлөлт улс төр, эдийн засгийн хүрээнд ч анхаарал татаж байна.
Ийм нөхцөлд Засгийн газрын бүрэлдэхүүнд гарах боломжит өөрчлөлт нь зөвхөн улс төрийн тохиролцооны асуудал биш, харин салбарын бодлого, хэрэгжиж буй томоохон төслүүдийн цаашдын чиг хандлагад нөлөөлж болзошгүй гэж ажиглагчид үзэж байгаа аж.
УИХ-ын чуулганаар сайд нарыг чөлөөлөх болон шинээр томилох асуудлыг хэлэлцэж баталбал Монголын Засгийн газрын бүрэлдэхүүнд ээлжит өөрчлөлт орж, зарим салбарын бодлого, удирдлагад шинэ хуудас нээгдэнэ.










































































