Швейцарь улсад ажиллаж буй гадаад улсын хүндэт консулуудтай холбоотой хэд хэдэн маргаантай, дуулиант хэрэг илэрсэн ч тус улсын Засгийн газар хяналтыг чангатгах бодит алхам хийхээс татгалзсан байна.
Швейцарийн сайд нарын танхим болох Холбооны Зөвлөл парламентын гишүүдийн тавьсан шаардлагыг үл харгалзан хүндэт консулуудын үйл ажиллагаанд шинэ, илүү хатуу журам нэвтрүүлэхийн оронд одоо мөрдөж буй зохицуулалтыг дахин хянах хэмжээнд хязгаарлагдсан шийдвэр гаргажээ. Харин парламентын Сенатын хяналтын хороо илүү хатуу арга хэмжээ авч, хүндэт консулуудыг томилох, хүлээн зөвшөөрөх болон хянах тогтолцоог сайжруулах шаардлагатай гэж үзсэн байна.
Энэхүү асуудал олон улсын анхаарлыг татах болсон нь 2022 онд олон улсын сэтгүүлчдийн хамтарсан эрэн сурвалжлах судалгааны үр дүнтэй холбоотой аж. Тус судалгаагаар дэлхий даяар 500 гаруй хүндэт консул хууль зөрчсөн, эсвэл маргаантай хэрэгт холбогдсон тохиолдол бүртгэгджээ. Үүнд урлагийн бүтээлийн хууль бус наймаа, авлига, залилан, хар тамхи болон зэвсгийн наймаа, терроризмыг санхүүжүүлэх, бэлгийн хүчирхийлэл, бүр аллагатай холбоотой хэрэг хүртэл багтсан байна.
Швейцарь улс ч энэ асуудлаас ангид байж чадсангүй. Судалгаанд Швейцарийн тэрбумтан, урлагийн бүтээл цуглуулагч Урс Э.Шварценбахийн хэргийг онцлон дурджээ. Тэрбээр 2010-2022 онд Швейцарь дахь Монгол Улсын хүндэт консулаар ажиллаж байх хугацаандаа Швейцарьт оруулж ирсэн олон зуун урлагийн бүтээлийг гаальд мэдүүлээгүй хэрэгт буруутгагдан ял шийтгүүлсэн байна. Тэдгээр бүтээлийн заримыг тэр консулын албан тушаал хашиж байхдаа оруулж ирсэн нь уг хэрэгт онцгой анхаарал хандуулахад хүргэжээ.

Энэ хэрэг болон олон улсын судалгааны үр дүн нийтлэгдсэний дараа Швейцарийн парламентын хяналтын хороод Парламентын Захиргааны хяналтын байгууллагад Швейцарийн гадаадад ажиллаж буй хүндэт консулын газрууд болон тус улсад ажиллаж буй гадаад улсын хүндэт консулуудын үйл ажиллагаанд үнэлгээ хийх үүрэг өгчээ.
Одоогийн байдлаар Швейцарь улсад 65 улсыг төлөөлсөн нийт 122 хүндэт консул бүртгэлтэй байдаг аж. Хүндэт консулууд нь мэргэжлийн дипломатчид биш бөгөөд ихэвчлэн бизнес эрхлэгч, хуульч зэрэг хувийн салбарт ажилладаг хүмүүс байдаг. Тэд консулын үүргээс гадна өөрсдийн үндсэн ажил, бизнесийг давхар эрхэлдэг байна.
Гэсэн хэдий ч хүндэт консулууд тодорхой давуу эрх, хэсэгчилсэн дипломат дархан эрх эдэлдэг бөгөөд албан үүрэгтэй холбоотой гэж мэдүүлсэн баримт бичгийг эрх бүхий байгууллага хураан авах боломжгүй, зарим тохиолдолд хил дээр ачаа тээшийг нь шалгахгүй байх зэрэг давуу нөхцөл бүрддэг аж. Шинжээчдийн үзэж байгаагаар ийм эрх нь зарим нөхцөлд хяналт сулрах эрсдэл бий болгодог байна.
Парламентын Захиргааны хяналтын байгууллагын тайланд Швейцарийн Гадаад хэргийн яам хүндэт консулуудын үйл ажиллагаанд тавих хяналтыг хязгаарлагдмал гэж үздэг болохыг дурдсан байна. Яамны байр сууринаас үзвэл тухайн хүндэт консулыг томилсон улс өөрийн төлөөлөгчдөө хянах үндсэн үүргийг хүлээдэг бөгөөд Швейцарь улс зөвхөн тодорхой нөхцөлд, ихэвчлэн дипломат харилцаанд сөргөөр нөлөөлөхөөс болгоомжилж болгоомжтой арга хэмжээ авдаг аж.
Тайланд дурдсан нэг жишээ нь, 2019 оноос хойш Швейцарьт Беларусь улсын хүндэт консулаар ажиллаж буй Херманн Бейелерийн асуудал. 2024 онд хүний эрхийн Libereco төрийн бус байгууллага түүнийг дипломат статусаа ашиглан, бизнесийн ашиг сонирхлоо түрүүнд тавьсан, мөн Швейцарийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн гэж буруутган огцруулахыг шаардсан байна.
Зарим хэвлэлд түүний компани Беларусь улсын эрх баригчидтай ашигтай бизнес эрхэлж, улсын протезийн салбарт томоохон нийлүүлэгч болсон тухай мэдээлжээ. Харин Бейелер эдгээрийг няцааж, өөрийн компани Беларусь улсад үүссэн протезийн хомсдолыг бууруулахад тусалсан гэж мэдэгдсэн байна. Нийтлэлүүд гарсны дараа өөрт нь болон гэр бүлийнх нь аюулгүй байдалд заналхийлэл учирсан тэр ийн тайлбарлажээ.
Мөн 2021 онд ил болсон Pandora Papers баримтуудаар Швейцарьт ажиллаж байсан Литва улсын хүндэт консул Оросын олигархиудын үл хөдлөх хөрөнгийг нууцлахад ашигласан компаниудыг удирдаж байсан нь илэрсэн байна. Гэвч Швейцарийн Гадаад хэргийн яамны протоколын хэлтэс тухайн консул яагаад огцорсныг ч тодорхой мэдээгүй байсан талаар тайланд тэмдэглэжээ.
Үүнээс гадна нэг хүндэт консул олон жилийн турш Швейцарийн янз бүрийн кантонд замын хөдөлгөөний олон удаагийн зөрчил гаргасан ч дипломат дархан эрхээ ашиглан торгуулиас зайлсхийж байсан тохиолдол ч илэрсэн байна. Гадаад хэргийн яам түүнд дархан эрх зөвхөн албан үүрэгтэй холбоотой үйл ажиллагаанд хамаардагийг сануулсан ч тэрбээр торгуулиа төлөхөөс татгалзсаар байж. Эцэст нь эрүүгийн хэрэг үүсгэсний дараа энэ асуудал сөхөгджээ.
Эдгээр нөхцөл байдлыг харгалзан Сенатын хяналтын хороо Засгийн газарт илүү хатуу бодлого хэрэгжүүлэх, ялангуяа хүндэт консулуудыг хүлээн зөвшөөрөх журам, шалгуурыг тодорхой болгож, хяналтыг сайжруулах шаардлагатай гэж зөвлөсөн байна. Түүнчлэн өнөөгийн дэлхийн нөхцөл байдал, ялангуяа Швейцарьт тагнуулын эрсдэл өндөр хэвээр байгаа үед эрх баригчид өөрсдийн үүрэг, хариуцлагын талаарх ойлголтоо дахин нягтлах шаардлагатайг онцолжээ.
Гэсэн хэдий ч Швейцарийн Засгийн газар энэ чиглэлд шинэ хатуу журам нэвтрүүлэхээс татгалзаж, хүндэт консулуудын үйл ажиллагаанд тавих үндсэн хяналт тухайн хүнийг томилсон улс оронд хамаарна гэсэн байр сууриа дахин илэрхийлжээ.
Засгийн газрын тайлбарт хүндэт консулууд зөвхөн албан үүргийн хүрээнд дипломат дархан эрх эдэлдэг бөгөөд Швейцарийн хууль тогтоомжийг заавал дагаж мөрдөх ёстой гэж онцолсон байна. Хэрэв зохисгүй үйлдэл илэрвэл дипломат шаардлага хүргүүлэх, элчин сайдыг дуудах, эсвэл хүндэт консулын статусыг хүчингүй болгох зэрэг арга хэмжээ авах боломжтой гэж мэдэгджээ.
Сенатын хяналтын хорооны гишүүн Карло Соммаруга энэ асуудалд Швейцарийн оролцох боломж тодорхой хэмжээгээр хязгаарлагдмал байгааг хүлээн зөвшөөрсөн ч дуулиант хэрэг гарч, Швейцарийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх үед Гадаад хэргийн яам илүү хатуу байр суурь баримтлах ёстой гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.
Түүний хэлснээр, зарим хүмүүс хүндэт консулын статусаа ашиглан эргэлзээтэй үйл ажиллагаагаа халхлахыг оролдож магадгүй ч улс орнууд санаатайгаар эргэлзээтэй хүмүүс томилох нь өөрсдийн ашиг сонирхолд харшлах тул үүнийг системийн хэмжээнд ноцтой асуудал гэж үзэхгүй байгаа аж.
Эх сурвалж: SWISS INFO










































































