Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 8.1.2 дахь заалт 1, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 12.4, 161.5.1 дэх заалтын дагуу Төсвийн тогтвортой байдлын зөвлөл (ТТБЗ)-өөс Монгол Улсын 2027-2029 оны дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл
боловсруулахад ашиглах макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалыг гаргав.
Таамаглалыг боловсруулахдаа а) Гадаад эдийн засаг, геополитикийн нөхцөл байдал, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ, эрэлтийн хандлага, б) Монгол Улсын макро эдийн засгийн нөхцөл байдлын шинжилгээ, в) Макро эдийн засгийн загварын тооцоололд үндэслэжээ.
Гадаад эдийн засгийн нөхцөл байдлыг юуны өмнө геополитикийн нөхцөл байдал, хөрш орнуудын эдийн засаг, түүхий эдийн эрэлт хэрэгцээний цаашдын хандлагад суурилсан бол Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг макро эдийн засгийн гол үзүүлэлтүүдийн
судалгаа шинжилгээнд үндэслэн тодорхойлсон байна.
Гадаад, дотоод эдийн засгийн орчны хувьд геополитикийн нөхцөл байдал, Монгол Улсын эдийн засаг, гадаад худалдааны бүтэц, хандлагатай холбоотой тодорхой эрсдэлүүд байгааг анхаарах шаардлагатай хэмээн үзжээ.
Гадаад нөхцөлийн хувьд дэлхийн эдийн засгийн өсөлтөд томоохон эерэг хандлага байхгүйгээс гадна Зүүн Ази, Номхон далайн бүсийн өсөлт, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарахтай холбоотой эрдсийн бүтээгдэхүүнд хамгийн гол сөрөг нөлөөтэй гэж үзэж байна.
Мөн геополитикийн нөхцөл байдал хурцадмал болж байгаа нь дэлхийн эдийн засаг, эрдэсийн бүтээгдэхүүний үнэд ихээхэн нөлөөлж буйг харгалзан үзэх шаардлагатай аж.
Дотоод эдийн засгийн хувьд хэдийгээр 2025 оны эдийн засаг өндөр өсөлттэй гарсан боловч ийм хэмжээний өсөлт цааш хадгалагдах боломж бага гэх нь үндэслэлтэй. Учир нь, энэхүү эдийн засгийн өсөлтөд ХАА-н салбар, тодруулбал МАА-н салбарын нөлөөлөл өндөр
байгаа нь суурь оны хүчтэй нөлөөлөлтэй байгаа явдал аж.
Үүнээс гадна гадаад худалдааны нийт эргэлт, экспорт буурсан, төсвийн орлогын өсөлт саарсан, татварын орлого буурсан нь мөн анхаарах нэг гол хүчин зүйл болж буй аж.
Экспортын бууралтад нүүрс голлох нөлөө үзүүлсэн нь томоохон эрсдэл боловч зэсийн экспорт үүнийг нөхөж, бүтцийн хувьд харьцангуй эерэг өөрчлөлт гарчээ. Гэсэн ч голлох эрдэсийн бүтээгдэхүүний хэмжээ, үнийн таамаглал зөрүүтэй байхаас шалтгаалсан эрсдэл гадаад худалдааны хувьд тод ажиглагдаж байгаа аж.
Төлбөрийн тэнцлийн хувьд урсгал дансны алдагдлыг санхүүгийн дансаар нөхөх хандлага хэвээр үргэлжилж буй бөгөөд энэ тэнцвэр алдагдвал төлбөрийн тэнцлийн алдагдал нэмэгдэх, валютын ханшид дарамт болох хандлагатай. Төсвийн тогтвортой байдал, төсвийн эрсдэлийн хувьд анхаарах асуудлууд хэвээр байсаар байгаа аж.
Энд төсвийн эрх зүйн орчин, төсвийн төлөвлөлт, таамаглал, төсвийн зарлагын өсөлт зэрэг голлох эрсдэлүүдийг дурдах шаардлагатай. Ялангуяа нэг салбараас эдийн засаг хүчтэй хамаарч байгаа үед төсвийн зардлын хэт тэлэлт эрсдэлтэй гэдгийг анхаарах цаг гэдгийг
6 дахин анхааруулах нь зүйтэй гэж үзжээ.
Өрийн ДНБ-д эзлэх хувийн жин буурч байгаа ч өрийн үйлчилгээний зардал өсөж байгааг ч анхаарах хэрэгтэйг онцлов. Иймд гадаад, дотоод орчны хүчин зүйлсийг харгалзан өмнөх жилд өгч байсан гол дүгнэлт болох “нөхцөл байдал хэдийн таагүй болж эхлээд байна” гэсэн дүгнэлтээ “ эдийн засгийн өсөлт өндөр гарсан ч энэ нь дунд хугацаанд хадгалагдах боломж багатай” хэмээн сануулах
шаардлагатай гэж үзжээ.
Сүүлийн 3 жилийн дотоод эдийн засгийн нөхцөл байдал, ялангуяа ДНБ-д нөлөөлөх экспортын орлого, импортын өсөлтийн сааралт, хөдөө аж ахуйн огцом сэргэлт зэрэг хүчин зүйлс ихээхэн өндөр гүйцэтгэлтэй байсан, үүнтэй холбоотойгоор ТТБЗ болон олон улсын байгууллагын таамаглалаас ихээхэн өндөр гарсан 2025 оны эдийн засгийн өндөр өсөлт, шинээр үүсэж
байгаа тодорхой бус байдлыг загварт шингээхэд амаргүй гэж үзсэн байна.


Зөвлөл хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд өргөн цар хүрээтэй таамаглал боловсруулж, эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг сонгон дээрх хоёр хүснэгтэд тусгалаа.
Үргэлжлэл бий…










































































