АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын захиргаа Украинд зориулсан шинэ “энхийн төлөвлөгөө” боловсруулжээ. Хэвлэл мэдээллийн хэд хэдэн байгууллага уг төслийн хэсгүүдийг нийтэлсэн байна.
Энэхүү төлөвлөгөө нь 28 заалттай бөгөөд энэ ажлыг АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стивен Уиткофф удирдсан аж. Баримт бичгийг арваннэгдүгээр сарын 20-нд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийд бичгээр хүргүүлсэн гэж мэдээлжээ.
Хэвлэлүүдэд мэдээлснээр, дайныг дуусгахын тулд Киев ОХУ-д томоохон буулт хийх шаардлагатай гэж тус төлөвлөгөөнд дурдсан байна. Харин АНУ болон Европын орнууд Украины сэргээн босголтыг санхүүжүүлэх үүрэг хүлээхийн зэрэгцээ Москва болон Вашингтон урт хугацааны эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээ байгуулах боломжтой гэж тусгажээ.
Украины хувьд уг төлөвлөгөөнд аюулгүй байдлын баталгаа олгох бөгөөд энэ нь Хойд Атлантын Гэрээний Байгууллагын гэрээний 5-р зүйлтэй адил зарчимд тулгуурлана гэж мэдээлсэн байна. Өөрөөр хэлбэл, Украинд халдлага гарвал АНУ болон Европын холбоотнууд үүнийг бүх “трансатлантын хамтын нийгэмлэг” рүү халдлаа гэж үзэх аж.
Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Deutsche Welle-ийн баримт материалд дурдсан байна.
Эх сурвалж: DW










































































