Владимир Зеленский тэргүүтэй Украины удирдлага Европын холбоотнуудаа Украинд шахалт үзүүлж, Оросын нефтийг Унгар болон Словак руу дамжуулдаг газрын тосны хоолойг дахин нээхийг шаардаж байна хэмээн буруутгав.
Түүний хэлснээр Оросын түүхий нефтийн урсгалыг Украины нутгаар дамжуулан Европын Холбоо руу сэргээх нь Москвад тавьсан эдийн засгийн хоригийг сулруулсантай адил хэрэг болох аж. Украины талын мэдээлснээр, Зөвлөлтийн үеийн “Дружба” хийн хоолой энэ оны нэгдүгээр сард Оросын агаарын цохилтын улмаас гэмтсэн бөгөөд өнөөдрийг хүртэл засварлагдаагүй буй юм.
Унгар Улс Оросын эрчим хүчнээс ихээхэн хамааралтай тул хоолойг дахин нээх хүртэл Москвад шинээр хориг тавих Европын Холбооны шийдвэр болон Киевт олгох 90 тэрбум еврогийн (103 тэрбум доллар) чухал зээлийг хориглож байгаа билээ.
Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан ирэх дөрөвдүгээр сард болох сонгуулийн өмнө Украинд хандах хатуу байр суурийг улс төрийн гол сэдэв болгожээ. Түүний нам олон нийтийн санал асуулгаар өрсөлдөгчдөөсөө хоцорч яваа аж.
Европын Холбоо Зеленскийг “Дружба” хоолойг аль болох хурдан засварлахыг уриалж, мөн гэмтлийн хэмжээг шалгахын тулд хяналтын шинжээчдийг оруулахыг хүссэн байна. ЕХ-ны зарим албан тушаалтнууд Зеленскийн эсэргүүцэл Орбанд дахин сонгогдох давуу тал өгч болзошгүй гэж болгоомжилж байгаа аж.
Гэвч Зеленский Киевт сэтгүүлчид, тэр дундаа BBC-ийнхэнтэй ярилцахдаа ЕХ Оросын нефтийн борлуулалтад хориг тавьж байгаа нөхцөлд Украин нутгаар нь дамжуулахыг зөвшөөрөх нь зарчмын хувьд буруу гэж мэдэгджээ.
Тэрбээр “Бид Оросын нефтийг зардаг, эсвэл зардаггүй аль нэгийг нь л сонгох ёстой. Гэтэл ЕХ надаас “Дружба” хоолойг сэргээхийг шаардаж байна. Энэ нь Орост тавьсан хоригийг цуцалж байгаатай юугаараа ялгаатай юм бэ?
Нэг талаар бид АНУ-д хоригийг сулруулахыг эсэргүүцэж байна гэж хэлдэг мөртлөө нөгөө талаар Украинд “Дружба” хоолойгоор нефтийн дамжуулалтыг сэргээхийг тулгаж, улмаар Европын эсрэг бодлогыг санхүүжүүлэхтэй адил нөхцөлд хүргэж байна” гэжээ.
Зеленскийн энэ мэдэгдэл АНУ Ирантай холбоотой АНУ-Израилийн дайнаас үүдэлтэй эрчим хүчний хомсдолыг бууруулахын тулд бусад улс орнууд Оросын нефтийг худалдан авахад тавьсан зарим хоригийг сулруулсны дараа гарчээ. Энэ шийдвэр Европын зарим удирдагчийн шүүмжлэлтэй тулгарсан байна.
Зеленский “Хэрэв бид Оросын нефтийн нийлүүлэлтийг сэргээхээр шийдсэн бол би үүнийг эсэргүүцэж байгаагаа тэдэнд ойлгуулахыг хүсэж байна. Намайг ямар нэгэн зүйлийг хааж байна гэж буруутгах хэрэггүй. Би хааж байгаа юм биш.
Би зүгээр л ил тод хэлж байна. Би үүнийг эсэргүүцэж байна. Гэхдээ хэрэв Украинд зэвсэг өгөхгүй гэсэн нөхцөл тавибал “Уучлаарай, энэ асуудал дээр би хүчгүй болно. Би Европ дахь найзууддаа үүнийг ‘шантааж’ гэж нэрлэдэг гэж хэлсэн” гэж мэдэгджээ. Тэрбээр мөн Украинд олгох 90 тэрбум еврогийн зээлийг ЕХ-ны бүх 27 улс баталсан тул хэрэгжүүлэх ёстой гэж онцолсон байна.
Ойрхи Дорнод дахь мөргөлдөөн өргөжиж буй талаар ярихдаа Зеленский Украинд үйлдвэрлэж буй сөнөөгч дронуудыг “Украины нефть” хэмээн нэрлэж, АНУ-тай 50 тэрбум долларын хамтарсан үйлдвэрлэлийн гэрээ байгуулахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. Түүний хэлснээр АНУ энэ талаар хэд хэдэн удаа холбоо барьж, хамтын ажиллагааг “маш их сонирхож” байгаа аж.
АНУ-Израиль Иранд цохилт өгснөөс хойш Персийн булангийн орнууд тэргүүтэй олон улс хямд үнэтэй, Ираны загварын дронуудаас хамгаалах тал дээр Украинтай хамтрах сонирхолтой болсон байна. Украин хямд өртөгтэй сөнөөгч дрон үйлдвэрлэх болон тэдгээрийг Оросын бараг өдөр бүрийн агаарын довтолгооны эсрэг үр дүнтэй ашиглах туршлагаараа дэлхийд тэргүүлэгчдийн нэг болжээ.
Зеленский “Бидний хувьд энэ бол нефтьтэй адил зүйл. Орчин үеийн дрон үйлдвэрлэл болон энэ салбар дахь Украины туршлага бол өнөөдрийн ‘Украины нефть’ юм” гэж хэлсэн байна. Тэрбээр аливаа хамтын ажиллагааны гэрээний хариуд Украин мөнгө төдийгүй технологийн солилцоог хүснэ гэж онцолжээ.
Украин өнгөрсөн жил АНУ-д дроны хамтарсан үйлдвэрлэлийн санал тавьсан ч тухайн үед тохиролцоонд хүрээгүй аж. Мөн Зеленский Ойрхи Дорнод дахь дайн Украинд эрсдэл дагуулж болзошгүйг анхааруулжээ. Тэр “Бид америкчуудыг алдахыг хүсэхгүй байна. АНУ одоогоор Ойрхи Дорнодод илүү анхаарч байна… Үүнээс болж бидэнд нийлүүлэх зарим зэвсгийн хүргэлт саатах, эсвэл хамгаалалтын чухал нөөцийн хэмжээ багасах магадлалтай” гэж хэлсэн аж.
Түүнчлэн Зеленский далайд хэдийнэ гарсан Оросын нефтьд тавьсан хоригийг 30 хоногоор түр сулруулсан АНУ-ын шийдвэрийг эсэргүүцэв. Тэр “Бид ийм бодлогыг дэмжихгүй. Оросын эсрэг хоригийг сулруулах нь дэлхийд тус болохгүй, зөвхөн Орост ашигтай” гэж мэдэгджээ.
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессентийн мэдээлснээр, энэ түр зөвшөөрөл дөрөвдүгээр сарын 11-нийг хүртэл хүчинтэй байх төлөвтэй байгаа аж. Харин Владимир Путины эдийн засгийн тусгай төлөөлөгч Кирилл Дмитриев хориг сулруулсан нь Орос дэлхийн эрчим хүчний зах зээлийн тогтвортой байдалд чухал үүрэгтэйг харуулж байна гэж мэдэгдээд, цаашид хоригийг улам зөөлрүүлэх нь “зайлшгүй” гэж хэлжээ.
Эх сурвалж: BBC










































































