Оросын Ерөнхийлөгч Владимир Путин илтгэл тавих үеэрээ ханиалгаж, амьсгалахад хүндхэн байгаа нь харагдсан бичлэгийг Кремль санамсаргүй нийтэлсний дараа “Хэрвээ түүний эрүүл мэнд огцом муудвал юу болох вэ?” гэсэн асуулт олон хүний санааг зовоож эхэлжээ.
Өдгөө 73 настай Путин Олон улсын эмэгтэйчүүдийн баярын урьдчилан бичсэн илтгэлийн үеэр хоолойгоо засан, байнга ханиалгаж, яриагаа тасалдуулж байсан нь бичлэгт үлдсэн байна.
The Moscow Times “Тэр ханиалгасныхаа дараа камерын цаана байгаа хүнд ‘Та мэдэж байгаа, энэ хэсгийг дахин хэлчихье. Миний хоолой жаахан сэрвэгнээд байна. Би бараг ханиалгах шахлаа. Өнөөдөр их ярьсан юм’”’ гэж хэлсэн байна” гэж мэдээлжээ.
Дараа нь энэ бичлэгийг Кремлийн сошиал хуудсуудаас устгаж, ханиалгаж байгаа хэсгийг нь хассан богино хувилбараар сольсон байна.
Путины эрүүл мэндийн талаархи цуурхал
Олон жилийн турш Владимир Путины эрүүл мэндийн талаар янз бүрийн таамаг, цуурхал гарсаар ирсэн. Үүнд: хорт хавдар, цус харвалт, Паркинсоны өвчин зэрэг өвчний тухай яриа гарч байсан.
Оросын судлаач Валерий Соловей 2014 онд “Путин хорт хавдартай бөгөөд зургаан сарын дотор нас барна” гэж мэдэгдэж байжээ. Мөн 2023 онд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский хүртэл “Путин нас барсан байж магадгүй” гэж таамаглаж байсан бөгөөд Соловой ч мөн адил ийм мэдэгдэл хийж байв.
Үүнээс гадна Путин өөрийн оронд ашигладаг биеийн “орлон тоглогч” (body double) бий гэсэн цуурхал ч гарч байсан.
Хэрвээ Путин нас барвал юу болох вэ?
Хэрвээ Владимир Путин нас барвал Орос улс 27 жилийн дараа анх удаа шинэ удирдагчаа сонгох хэрэгтэй болно. Путин анх 1999 онд эрх мэдлийг гартаа авч, 2008-2012 оны хооронд богино хугацаанд Ерөнхий сайд болж байсан ч үндсэндээ улс төрийн эрх мэдлийг тасралтгүй барьж ирсэн.
Түүхэнд ижил нөхцөл байдал тохиолдож байсан. Жишээ нь, Иосиф Сталин 1953 онд нас барахад Зөвлөлтийн удирдагчид дотооддоо хэлэлцэж, шинэ удирдагчаа сонгох үйл явц эхэлж байжээ.
Өнөөдөр Оросын хуулиар Ерөнхийлөгч нас барах, эсвэл ажиллах боломжгүй бол түр Ерөнхийлөгч томилогдоно. Дараа нь шинэ сонгууль зохион байгуулна.
Путины дараах Орос
Йенс Зигертийн бичсэн “Where is Russia Heading? Scenarios for the Time Afterwards” номд дурдсанаар, Путины дараах Орос ардчиллын зам руу шилжих боломжтой гэж зарим шинжээч үздэг. Гэхдээ энэ нь ард түмэн, төрийн элитүүд, авторитар тогтолцоог үргэлжлүүлэх үү, эсвэл өөрчлөх үү гэдэг дээр санал зөрөлдөх магадлалтай тул хялбар процесс биш байж болох аж.
Хэрвээ улс төрийн шинэчлэл хийгдвэл Орос улс Европын стандарт, харилцаанд илүү ойртох боломжтой гэж зарим судлаачид үздэг. Гэхдээ Оросын ирээдүйн эрх мэдлийн шилжилт яг яаж өрнөхийг хэн ч тодорхой хэлж чадахгүй юм.
Эх сурвалж: UNILAD









































































